Дэлхийд 200 гаруй орны 8 тэрбум хүн амьдран суудгаас 40 гаруй орон нүүдлийн болон хагас нүүдлийн мал аж ахуй эрхэлж, үүнээс нүүдлийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг 10 хүрэхгүй орон байдаг. Тэр дундаа нүүдлийн мал аж ахуйн хэв шинж, уламжлалаа төгс хадгалсан нь Монгол Улс юм. Судлаачид Монгол орныг дэлхийн мал аж ахуйн үүсэл гарлын төв болохыг тогтоосон байна.
Хүний нийгмийг амьдрах хэв шинжээр нь нүүдлийн ба суурин гэсэн 2 хэлбэрт ангилдаг бөгөөд анхдагч нь нүүдлийн хэв шинж юм. Нүүдэлчдийн аж төрөх хэв шинж нь хэдэн мянган жилээр хэмжигдэнэ
Нүүдлийн мал аж ахуй нь байгалийн бэлчээрт тулгуурлаж үйлдвэрлэлээ явуулдаг, нөхөн сэргээгдэж, төлжин үржиж, шилэгдэн сайжирч байдаг био-үйлдвэрлэлийн өвөрмөц салбар билээ. Энэ нь малчид байгальд зохицон түүний нөхөн сэргээх бололцоог хангаж чаддаг нь нүүдэлчдийн хүний нийгмийн хөгжилд оруулж буй үнэ цэн юм.
Нүүдлийн мал аж ахуйн нийгэмд гүйцэтгэх үүрэг
Монгол орны хүн амын аж төрөх хэв шинж нь нүүдлийн мал аж ахуйн уламжлалт арга барилд суурилсан. Нүүдлийн мал аж ахуйг хүн төрөлхтний үйлдвэрлэл явуулах анхны хэлбэр гэж үздэг. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (2019) 10.6, экспортын орлогын 8.6 хувийг бүрдүүлж, нийт хүн амын 3.1-ийг шууд, 3.2-ыг шууд бус байдлаар хангадаг.
Өнөөдөр мал аж ахуйн салбарын 298 мянга гаруй малчны хөдөлмөрийн үр дүн болсон мах сүү, ноос, ноолуур, арьс шир зэрэг түүхий эдэд суурилсан хэдэн арван үйлдвэр, хүнс, түүхий эдийн зах, худалдааны төвүүд нь олон хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч буй ашиг шим нь валютын нөөцийг нэмэгдүүлэх гол бүтээгдэхүүн болдог.
Мал аж ахуйн салбарын 2025-2035 оны хөгжлийн чиг хандлага нь бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг дэлхийн нийтэд таниулсан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгалыг бий болгож, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх тогтвортой үйлдвэрлэлийг явуулахад чиглэгдэнэ гэжээ. Энэ зорилтыг шийдвэрлэхэд бэлчээр хамгаалах, түүний ашиглалтыг сайжруулах нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Иймээс уг асуудлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх ажил хүлээгдэж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл нь дотоодын болон гадаадын зах зээлд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Байгалийн бэлчээрийн малын гаралтай бүтээгдэхүүн нь экологийн цэвэр болохоос гадна хамгийн сайн чанартай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.
Дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүний нэг нь монгол ямааны ноолуур бөгөөд дэлхийн зах зээлийн 20 хувийг хангадаг чанар сайтай, эрэлт ихтэй бүтээгдэхүүн юм. Манай оронд жилд дунджаар 10 орчим мянган тонн ноолуурыг зах зээлд нийлүүлж байна. 2022 онд самнасан ноолуураа экспортолж 310 сая ам.доллартой тэнцэх хэмжээний орлого олсон нь цаашлаад 500 сая ам.доллар хүрэх боломжтой юм.
Манай орны экспортын гол бүтээгдэхүүн бол малын мах юм. Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн 20 гаруй улсад нийлүүлэх гэрээ хэлцэл хийсэн нь том зах зээл байгааг харуулна. Тухайлбал, сүүлийн 20 жилд хамгийн ашигтай ажилласан 2018 онд 85.9 сая ам.доллартой тэнцэх мах, махан бүтээгдэхүүн гаргаснаас зөвхөн дайвар бүтээгдэхүүн нь 2.2 сая ам.доллар хүрчээ.
Бразил, Канад, АНУ нь хамгийн их үхрийн мах экспортолж зах зээлийн үнэ ханшийг тодорхойлдог байна. АНУ-д 1кг үхрийн мах 100.0-180.0 мян.төгрөгийн үнэтэй байна. Монгол Улс адуу, хонь, ямааны мах түлхүү экспортолсон бол 2017-2018 онд 0.7-130.4 мянган ам.доллартой тэнцэх үхрийн мах экспортолсон байна. 2017-2018 онд 44.5-64.9 сая.доллартай тэнцэх 26.1-32.1 мянган тонн адууны мах экспортолсон нь бусад малын махнаас 10 дахин их байна.
Манай оронд сүүний 100 гаруй үйлдвэр ажиллаж, үйлдвэрлэл тогтвортой өссөөр байна. Харин ямааны сүүг өрх гэрийн хэмжээнд ашигладаг. Ямааны сүү нь хүний хөхний сүүтэй ойролцоо найрлагтай учир хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй, үхрийн сүүнээс 10 дахин илүү үнэтэй байна. Сүүний үүлдрийн ямаа саалийн хугацаанд 1200-1500 л сүү өгдөг. Ямаа нь үхрээс 4-6 дахин бага тэжээл шаарддаг учир тэжээлийн олдоц бага гандуу бүс нутгуудад хамгийн ирээдүйтэй чиглэл гэж үздэг. Ингэний хоормог, ямааны сүү зэрэг сүүн бүтээгдэхүүний үнийг 10-30 дахин нэмэгдүүлэх боломжтой юм. (Д.Ангар, 2023)
Монгол малын арьс шир нь эдэлгээ удаан, чанар сайтай, хэлбэрээ удаан хадгалдаг учир төрөл бүрийн гутал, машины суудал, ширэн тоноглол зэрэг бүтээгдэхүүн хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Мөн 2014 онд 32.6 сая ам.долларын арьс шир экспортолжээ.
Монгол орны нийт экспортын 80-90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа ч түүний ашгийг нь зөвхөн цөөн тооны аж ахуй, иргэд хүртдэг бол нөхөн сэргээгддэг мал аж ахуйн ашиг шим, бүтээгдэхүүн нийт хүн ардын өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг тасралтгүй хангадаг онцлогтой. Байгалийн бэлчээр нь нөхөн сэргээгдэж байдаг учир түүний үйлдвэрлэл тасралтгүй хэдэн мянган жилээр үргэлжилдэг бол уул уурхайн үйлдвэрлэл нь өндөр орлоготой хэдий ч үйлдвэрлэлийн хугацаа нь хэдэн арван жилээр хэмжигдэнэ.
Эдийн засагч Д.Ангар нь мал аж ахуйн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулснаар нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 40.0-50.0 ам.долларт хүргэх боломжтой, манай орны ирээдүйн 30 жилийн хөгжлийн гарц болохыг тодорхойлсон байна. Байгалийн эрсдэлд өртөмтгий мал аж ахуйн салбараас гаргаж буй бүтээгдэхүүнд тулгуурлаж үйлдвэрлэлээ явуулдаг байгалийн эрсдэлд ордоггүй хөнгөн ба хүнсний үйлдвэрүүдэд суурь хураамж ноогдуулах замаар фонд үүсгэж бэлчээрийг нөхөн сэргээх болон ган, зуд зэргээс үүсэх байгалийн хохирлыг арилгахад ашиглаж болох юм.
Монгол орны бэлчээрийн эдэлбэр газар түүний өөрчлөлт
Эрдэмтэн Д.Е.Мак-Клауд дэлхийн бэлчээрийн нөөц нь хүн төрөлхтний хүнс тэжээлийн үнэт их булаг хэмээн тодорхойлсон байдаг.
Нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах үндсэн хэрэгсэл нь байгалийн бэлчээр байдаг. Манай орны нийт газар нутгийн 71 хувийг буюу 110 гаруй сая га талбайн 160 төрлийн бэлчээрт 27000 зүйлийн малд идэмж бүхий ургамал ургадаг. Байгалийн бэлчээр нь хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газрын 96 гаруй хувийг эзэлдэг ч хамрах цар хүрээ нь байнга хомсдон багасч байдаг онцлогтой. Энэ нь шинэ суурин газар байгуулах, уул уурхай олборлолт нэмэгдэх, авто болон төмөр зам баригдах, оршуулга, цэргийн сургуулилтын газар байгуулах зэргээр бэлчээрийн эдэлбэр газраас хасагдаж байна. Эрдэмтэн О.Чогнийгийн (2001) бүтээлд бэлчээрийн талбай 1978 онд 132.5 сая.га, 1986 онд 125.8 сая.га, 1989 онд 119 сая.га, 1993 онд 116.2 сая.га болж багассан болохыг тэмдэглэсэн байдаг.
Бэлчээрт тохиромжтой нутгийн 15.9 сая га талбай тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд орсон байна.(С.Цэрэндэш, 2006)
Бэлчээр нь орон зайн хувьд хамгийн их талбайг эзлэх учир монгол орны байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө нь асар их байх учиртай.
Төрөл бүрийн мал нь өөрийнхөө тэжээлийн хэрэгцээг тодорхой орон зайд бэлчээрлэж хангана. Иймээс малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрлэх талбайн хэмжээ нэмэгдэнэ. Бэлчээрийн талбайг хавтгайн арга (налуу, хазгай, гуу, жалга, хотгор, гүдгэр)-аар тооцвол түүний нөөцийг 5-47 хувиар нэмэгдүүлэх боломжтой ажээ. (Д.Базаргүр, 2022)
Бэлчээрийн эдэлбэр газарт хамаарагдах хад асга, гуу жалга 6.2 сая, сул элсэн хучлагатай талбай 3.0 сая, хэт гандуу цөлийн бор давстай хөрс 20.5 сая га талбайг эзлэх бөгөөд нийтдээ 30 орчим сая га талбайг ашиглах боломжгүй юм. Мөн хэт алслагдсан, усны эх үүсвэргүйгээс ашиглахгүй болон хагас ашигладаг бэлчээр цөөнгүй байхын зэрэгцээ 45-50°-аас дээш хазгай газар мал бэлчээрлэх боломжгүй гэж үздэг. Бас уул уурхай, нөхөн сэргээгдээгүй хайрга чулуун овоо, гүн нүх, далан үлдээсэн, хариуцах эзэнгүй, ашиглах боломжгүй талбай багагүй хувийг эзэлж байгаагаас үзэхэд нийт тооцоот бэлчээрийн 80 гаруй хувийг идэвхтэй ашиглаж байна.
Бэлчээр ашиглалтын төрөл түүний чиг хандлага
Дэлхийд бэлчээр ашиглах системийг 4 ангилдаг. Энэ нь бэлчээрийг нүүдлээр болон суурьшмал хэлбэрээр ашиглах, гэр бүл (эхнэр, хүүхэд)-ийн амьдрах хугацаа, оролцоо зэрэгт үндэслэгдсэн байдаг. Манай оронд бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэн ашиглах хэлбэр нь уламжлагдан ирсэн. Энэ хэлбэрийг бэлчээрлэх талбай хүрэлцээтэй баруун болон зүүн бүсийн аймгуудад хэрэгжүүлж байна. Харин томоохон хот, төвлөрсөн суурин газруудын ойролцоох нутгуудад хагас суурин хэлбэрийн буюу дулааны ба хүйтний улиралд сэлгэн ашиглах хэлбэрийг зонхилон ашигладаг.
Нүүдлийн мал ахуйн үйлдвэрлэл нь байгалийн эргэлт орчлын тэнцвэрт нөхцөлийг хангаж чаддаг газар ашиглах төгс хэлбэр гэж үнэлэгддэг. Нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн малчид олон зууны турш дөрвөн улирлаар бэлчээрийг сэлгэн ашигладаг сонгомол арга нь байгалийн тэнцвэрт нөхцөлийг бүрэн хангаж ирсэнд ач холбогдол нь оршино. Үүнд бэлчээрийн өвс ургамлын гарц сайн, малын тоо толгой цөөн, бэлчээрийг сэлгэн ашиглах талбай хүрэлцээтэй байсан нь эергээр нөлөөлсөн. Байгальд сөрөг нөлөөгүй учир Монголчууд аж төрөх энэ хэлбэрээ олон зууны турш хадгалсаар ирсэн нь нүүдлийн мал аж ахуйн хамгийн том давуу тал юм. Тухайлбал, дэлхийн тал хээрийн бүсээс байгалийн унаган төрхөө хадгалсан газар бол Дорнод Монголын тал байдаг. Харин баруун ялангуяа төв, говийн бүсийн бэлчээрийн байгалийн хэв шинж ихээхэн алдагдаж улам бүр эрчээ авч нүүдлийн мал аж эрхлэх аргад өөрчлөлт гарах боллоо. Говь, хээрийн бүсэд бэлчээрийн даац хэтэрч уур амьсгалын өөрчлөлтөөс хур тунадас татарч гангийн давтагдал, эрчим нэмэгдэж нутгийн малчдын амьдралд хүнд тусаж аймаг, сум алгасан нүүдэллэж, хөөгдөн туугдан амьдрах болов. Монгол орны малчин, нүүдэлчид сүүлийн 10 жилд экологийн дүрвэлтэд улам бүр өртөх болсноос бэлчээрийг сэлгэн ашиглах уламжлалт хэлбэр алдагдаж, бэлчээр доройтох гол нөхцөл болж байна.
Бэлчээрийн даац, ургацад нөлөөлөх хүчин зүйл
Бэлчээр ашиглалтын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт нь бэлчээрийн даац юм. Бэлчээрийн даац нь ямар ургацтай бэлчээрт хичнээн тооны хонь толгой малыг ямар хугацаанд бэлчээрлэх тэжээлийн хүрэлцээг тооцон гаргадаг үзүүлэлт юм. Монгол орны бэлчээрийн нийт даац 86 сая хонь толгой буюу 100 га-д дунджаар 62 хонь толгой ноогдоно.(С.Цэрэндаш, 2002)
Бэлчээрийн ургацын хэмжээ нь байгаль цаг уурын хүчин зүйлээр тодорхойлогдох бол мал сүргийн тоон үзүүлэлт нь хүний хүчин зүйлээс шууд хамаардаг.
Ус цаг уур байгаль орчны хүрээлэнгээс (2017-2018) өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай мэдээлэлд Монгол улсын нийт бэлчээр нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн даац 2-5 дахин, бүр түүнээс ч олон дахин хэтэрсэн байгааг тогтоожээ.
Манай орны нөхцөлд хур тунадасны хэмжээ, орох хугацаанаас хамаарч бэлчээрийн ургац ихээхэн хэлбэлзэнэ. Ялангуяа зуны эхний хагаст орсон хур тунадасны хэмжээ нь ургацад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Монгол орны бэлчээрийн төрлөөс хамаарч түүний 1 га талбайн ургац 0.9-5 ц хүртэл хэлбэлзэнэ.(С.Цэрэндаш, 2002)
Цаг агаарын дулаарал дэлхий нийтийг хамарч түүний уршиг үр дагаврын нөлөө улам бүр ихсэх болов. Энэ байдал ялангуяа эх газрын төвд орших бүс нутагт улам бүр хүчтэй илрэх боллоо. Монгол орны жилийн дундаж дулаарал 2.40C-ааар нэмэгдэж байгаа нь дэлхийн дунджаас 3 дахин их байгаа юм. Үүний нөлөөгөөр хэт халуун болон дулаан өдрийн тоо, үргэлжлэх хугацаа нэмэгдэж, гангийн тохиолдох хүч давтамж ихсэж бэлчээрийн ургамлын ургалт өсөлт саатах улмаар мал бэлчээрлэлтээс үүсэх сөрөг үр дагавар улам хүчтэй илрэх болов.
Тухайлбал агаарын температур 28-300C хүрч халахад ургамлын өсөлт хөгжилт саатаж дулааны дарамтанд орж эхлэх ба 320C хүрч эхлэхэд түүний тоос үр тогтоох чадвар алдагдаж үржин олшрох явц хаагдана. Ийм тохиолдолд хөрсний гадаргуу 600C хүртэл халж хөрсөнд хуримтлагдсан чийг эрчимтэй ууршин алдагдаж ургамал чийгийн дутагдалд орж амьдрах чадвараа алдана. Мөн хөрсний хэт халалт нь нөөцлөгдсөн чийг болон орсон хур тунадасны үлэмж хэсэг ууршин алдагдах, аадар борооны ус хөрсөнд шингэж тогтохгүй нэлэнхүй болон шугаман хэлбэрээр хөрс усны эвдрэлд орно. Ингэж ургамалд үзүүлэх чийг дулааны сөрөг нөлөө хүчтэй илэрснээр ургамлын өсөлт саатах улмаар нөхөн үржих нөхцөл хаагдах, ургамал өөрийгөө хамгаалах чадваргүй болох зэрэг цаг агаарын сөрөг үзүүлэлтүүд нь бэлчээр доройтох байгалийн хүчин зүйл болж байна.
Бэлчээрийн доройтолд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг нь мал сүргийн тоо толгойн өсөлт байдаг. Манай орны малын тоо толгой 1918 онд 9.6 сая 1924 онд дөнгөж 13.8 сая хүрч байжээ. Харин малыг нийгэмчилж эхэлсэн үеэс малын тоо тогтвортой өсөж 1970-1989 онд 22.5-24.6 сая толгойд хүрч байсан бол 2007-оноос малын тоо толгой 40 саяд хүрч сүүлийн 2016 оноос хойш малын тоо толгой тасралтгүй өсч (2010, 2011 бусад жил) 60-70 сая хүрч байна.
Зах зээлд шилжихээс өмнө (1990 он хүртэл) гадаадад экспортолсон болон дотоодын хэрэгцээнд зарцуулсан малын тоо нь төл малын тоогоор хангалттай нөхөгдөж байсан учир малын тоо толгойн өсөлт харьцангуй тогтворжиж эрэлт нийлүүлэлтийн тэнцэл сайн хангагдаж байжээ. Энэ нь бэлчээрийг доройтолд оруулахгүй байх нэг нөхцөл болсон юм. 1990 –ээд оны эхэн үе хүртэл малын тоо толгой харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж байсан ба энэ үед дөрвөн улирлаар сэлгэн ашиглах бэлчээрийн талбай хүрэлцээтэй байснаас бэлчээрийн даац хэтэрч талхлагдан доройтох хор уршиг төр засгийн анхаарлыг татахуйц түвшинд хүрэхгүй байсантай холбоотой.
Зах зээлд орж малыг хувийн өмчид шилжүүлж эхэлсэн үеэс малын тоо толгой 2001-2004 онуудад гучин сая толгойд хүрэхгүй байсан бол 2005 оноос хойш жил бүр малын тоо толгой тасралтгүй өсөж сүүлийн 6 жилийн (2016-2021 он) байдлаар 61.5-70.9 сая толгойд хүрч бэлчээрийн даац 2-5 дахин, төвлөрсөн томоохон хот суурин орчимд 7-8 дахин хэтэрсэн байна. Үүнд мал сүргийн тоог өсгөхөд чиглэсэн төр засаг, яамдын бодлого чиглэл нь дан ганц мал сүргийн тоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэнээс бэлчээрийг доройтолд оруулах явцыг улам эрчимжүүлэв.
Мал нь нас бие гүйцэх хүртлээ бэлчээрээс үлэмж хэмжээний өвс ургамал идэх хэдий ч жингийн нэмэгдэл нь бага байдаг. Харин сүүлийн үед эрчимтэй өсөлттэй бог малын үүлдрүүдийг өсгөж 1-1.5 настайд нь зах зээлд борлуулснаар бэлчээрлэх малын тоог багасгах замаар бэлчээр ашиглалтыг сайжруулна.
Мах махан бүтээгдэхүүний гадаад худалдааны зах зээлийг өргөтгөх замаар мал сүргийг ядаж 30-40 сая толгойд барьж байж бэлчээрийг доройтлоос хамгийн богино хугацаанд гаргаж чадах юм. Энэ нь бидний хийж чадах хамгийн хялбар ажил болно.Ингэж чадвал бэлчээрийг сэлгэн ашиглаж, нөхөн сэргээж, сайжруулах ажлын үр дүн улам сайжрах боломж бүрдэнэ.
Бэлчээрийг сэлгэн ашиглахын ач тус
Бэлчээрийг 4 улирлаар сэлгэн ашиглах нь ямар ч хөрөнгө хүч шаардахгүйгээр доройтлоос хамгаалах хамгийн үр дүнтэй уламжлалт арга юм. Бэлчээрийг удаан хугацаанд суурьшмал хэлбэрээр ашиглахад бэлчээрийн эрүүл ахуй доройтож төрөл бүрийн эмгэг өвчин тархах, усны эх булаг бохирдох, ургамал бүрхэвч багасаж улмаар хөрс ус, салхины элэгдэлд орж голомтын эхлэлийг бий болгоно.
Малчдын сэлгэн нүүх, шилжин байрших хөдөлгөөн нь байгалийн ямар нэг тааламжгүй нөхцөл илрэхэд авдаг арга хэмжээ юм. Тухайлбал малчид бэлчээрийн ургац багасаж, өвсний сөл шим буурч, мал тарга хүч алдах, сааль сүү татрах, малын өвчин эмгэг гарах, ган зуд болоход бэлчээрийг сэлгэн ашиглах шаардлага үүснэ. Монголчууд бэлчээрийг ашиглах, хамгаалах талаар онцгойлон анхаарч иржээ. Тухайлбал, 1392 онд малын бэлчээрийг хамгаалах, дагнан эрхлэх түшмэлийн газрыг тусгайлан байгуулж байжээ.
Бэлчээрийг тодорхой орон зай, цаг хугацаанд зөв дэс дараалалтайгаар ашиглах аргыг бэлчээрийн сэлгээ гэнэ. Ингэснээр бэлчээрийн ургамал шим тэжээлийн бодисоо нөөцлөн хуримтлуулах замаар нөхөн сэргэж ургах улмаар үржих боломж бий болж ургамал ургах үржих таатай орчин бүрдэнэ. С.Цэрэндашийн судалгаагаар бэлчээрийг жилд хангайн бүсэд 2-3 удаа, хээрийн бүсэд 6-10, говьд 8-12 удаа нүүн сэлгэн ашигладаг байна. Дээрх нутгуудад нүүх зайн дундаж хэмжээ хангай 30 км, тал хээрд 50 км, говьд 140 км байдаг ажээ.
Өнөөдөр аймаг, сумдад бэлчээрийг хариуцсан мэргэжилтэн байхгүй, урсгалаараа явж ирлээ. Үүний тод илрэл нь малын хэт төвлөрлөөс үүдэн бэлчээрийн даац хэтэрсэн, байран суурин сууж бэлчээр ашигласнаар тэжээллэг ургамал сэргэн ургах чадваргүй, үржин тархах боломжгүй болсон. Өмнөх нийгэмд нэг суурьт байх малын тоог төрлөөс хамаарч 300-600 байхаар тогтоосон байдаг. Иймээс газар зүйн голлох бүсүүдэд олон наст ургамлын үр үржүүлгийн туршлага судалгааны түшиц газрыг байгуулах шаардлага тулгарч байна. Малд идэмжтэй, тэжээллэг ургамлын эзлэх хувь буурч ургалтын хугацаа богино, үржин тархах чадвар сайтай шарилжийн төрлийн хор хөнөөлт ургамал олшрох боломж бүрдэн бэлчээрийн тэжээллэг чанар эрс буурлаа.
Бэлчээрийг дулааны улиралд хоёроос олон давтан ашиглахад ургац 25 хувь, ургамлын зүйлийн тоо 4-10 ширхэг, ургамлын тусгаг бүрхэц 55-75 хувиар тус тус багасдаг байна. (О.Чогний, 2001)
Бэлчээрийн талбайг 7-10 хоног ашиглахаар хэсгүүдэд хувааж дэс дараалалтайгаар ашиглаж ургамлын сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх, хэвшүүлэх шаардлагатай байна. Бэлчээрийг хэнзлүүлж ашигласнаар 10-40 хувиар их протейн, 10-30 хувиар их ургац авах боломжтой. Гэвч одоогоор мал ямар ч хариулгагүй, чоно нохой, малын хулгайчаас хамгаалах төдий л эргэж тойрдгоос “дурангаар хариулах” гэсэн нэршил бий болжээ. Ялангуяа хаврын улирлын бэлчээрийн гарц хамгийн бага, өвсний шимт чанар 2-3 дахин буурч, мал тарга хүчээ 15-25 хувь алддаг тул хэрэгцээт тэжээлийнхээ дөнгөж 30-40 хувийг бэлчээрээс хангана. Харин 4-р сарын сүүлээс 5-р сарын эхний 10 хоногоос эхлэн ургамал нөөц шим тэжээлээ ашиглан анхны навч найлзуураа үүсгэн ургаж эхэлнэ. Энэ үед ургамал нялх зөөлөн, хамгийн их шим тэжээллэг байдаг, өлсгөлөн мал амтархан идэж тэнхрэх боловч ургамлын цаашдын өсөлт хөгжилт саатах шалтгаан болдог.
Мал ногоолуулах зохистой хугацаа ургамал ургаж эхэлснээс 30-35 хоногийн дараа бүрдэнэ. Ургамал бутлахтай мал бэлчээрлүүлэх давхацвал шинээр үүсэх найлзуурын тоо цөөрч, өсөлт зогсож, хөгжлийн горим өөрчлөгддөг. Иймээс хаврын улиралд малыг тогтоож бэлчээх, айл хотоороо удаан хугацаанд суурин байхаас зайлхийх хэрэгтэй. Бэлчээрийг дулааны улиралд 2-3 удаа давтан 60-80 хоногийн турш суурин ашиглах боломжтойг судалгаагаар тогтоосон байна. Манай орны бэлчээрт зонхилдог үет ургамлын навчны 50 хувь хүртэл ашиглахад уг ургамал хэвийн өсөлтөө хангана. Ер нь бэлчээрийн зонхилох ургамлын тал хувь буюу тэн хагасыг ашиглах зарчим баримтална.
Эрдэмтэн О.Чогний бэлчээрийн судалгааг хамгийн өргөн хүрээнд хийсэн байдаг. Судалгаагаар ойт хээр, хээрийн бүсийн их ашиглагдсан бэлчээрт нийт ургамлын өндөр 10 см-ээс бага, ургац 2-5 дахин багасаж, тэжээллэг чанар муу, мал иддэггүй ургамал 50-70 хувийг эзэлдэг байна. Харин дунд зэрэг ашигласан бэлчээрт ургамлын бүрхэц 4-22 хувь, нэг ам метрийн ургац 6.8-26 г/м2, их ашиглагдсан бэлчээрт дээрх үзүүлэлт 1-2 хувь, 2.1-5.4 г/м2 хүрч багассан байна. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд зарим оронд малыг тэжээж байгаад ургамал бие даан өсөх чадвартай болсны дараа буюу 5-р сарын сүүлээр бэлчээрлүүлж эхэлдэг байна.
Бэлчээрийн доройтолд усан хангамжийн үзүүлэх нөлөө
Малд идэмж сайтай, малын усан хангамж бүхий хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг бэлчээр гэж тодорхойлсон байдаг. Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь орчмыг задгай усгүй бэлчээр эзэлнэ. Усан хангамжийн хүрэлцээ дутмаг учир бэлчээрийн 40-45 хувийг ашиглаж чадахгүй байна. (С.Жигжидсүрэн, 2005)
Бэлчээрийн усан хангамж хүрэлцээ муу байх нь бэлчээр доройтох нэг шалтгаан болдог. Ихэнх бодгалийн амьдын жингийн 60-70 хувийг ус эзэлж биологи, физиологийн процессыг тасралтгүй явуулахад гол нөлөө үзүүлдэг учир амьтад усны дутагдалд амархан ордог. Манай орны нутгийн өмнөд хэсэгт малын усан хангамж муу усны хэрэглээг хөрсний гүний уснаас бүрдүүлдэг бол нутгийн хойд хэсэгт ил задгай уснаас бүрдүүлнэ. Өвөл, хаврын улиралд ихэнх ил задгай нуур цөөрөм, гол горхины ус хөлдөх учир гүний худаг, булаг, харзны ус малын усыг хангана. Малын усан хангамжийн тохиромжтой зай нь бог малд 3-4 км, бод малд 5-10 км байдаг. Энэ хэмжээ хөхүүл мал, саалийн гүү үнээ болон төл малд илүү ойр байх ёстой. Мөн дулааны улиралд мал хөлөрч биеийн дулаанаа хангахын тулд өдөрт 2-3 удаа ханатал услах хэрэгтэй тул малын төвлөрөл үүсгэж ус цэг орчмын ургамал бүрхэвч багасаж, хөрсний бүтэц алдагдаж салхинд элэгдэх, бороо цасны усанд урсац бий болж, улмаар гуу судаг үүсэн хөрс эвдрэлд орох голомт газрыг бий болгодог. Иймээс уст цэгийн тоог нэмэгдүүлэх нь бэлчээрийг доройтлоос хамгаалах чухал хөшүүрэг болдог. Уст цэгийн байрлал ойр байх тусам малын төвлөрөл багасна.
Бэлчээрийн доройтолд сургалт, судалгаа, мэргэжилтний үүрэг оролцоо
Тухайн салбарын бодлого, чиглэл хэр оновчтой байгааг харуулах гол үзүүлэлт нь шинжлэх ухааны ололт амжилт юм. Манай оронд мал аж ахуйн талаар төр засгийн бодлогын дагуу онцгой анхаарч ирсний үр дүнд мал аж ахуйн чиглэлээр хоёр ч хүрээлэн (Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн) 1961 онд байгуулагджээ. Үүний үр дүнд малын төрөл бүрийн гоц халдварт өвчин устаж, олон шинэ үүлдрийг бий болгосон байна. Харин өнөөдрийн бэлчээрийн доройтлын гол шалтгаан нь төрийн бодлогын тодорхойгүй, оновчгүй байдал юм.
Мал аж ахуйн хөгжлийн үндэс болсон бэлчээрийн сургалт, судалгаа нэлээд хожуу эхэлсэн. Тухайлбал, мал аж ахуйн чиглэлийн хүрээлэнгээс 7 жилийн дараа 1968 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдаж байжээ. Харин 1982 онд уг хүрээлэн татан буугдаж одоо МААЭШХ-д Бэлчээр тэжээлийн салбар болон “жижгэрчээ”. Одоо тус салбарт 30 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаа нь 1970-аад онынхоос 3 дахин цөөрчээ.
Хэдэн мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхэлсэн манай орон бэлчээр хариуцсан хүрээлэнгүй байгаа нь харамсалтай. Энэ талаар эрдэмтэн мэргэжилтнүүд санал шүүмжээ хэлж, төр засагт үгээ хүргэх цаг болжээ!
Манай оронд үндэсний анхны дээд мэргэжлийн малын эмч, зоотехник 1942 оноос эхлэн бэлтгэж эхэлсэн бол 1972 онд анхны бэлчээр тэжээлийн мэргэжилтэн бэлтгэсэн байна. Үндэсний мэргэжилтэн бэлтгэн гаргасан үеэс аймаг бүрт бэлчээр тэжээл харицусан мэргэжилтэн ажилладаг байсан ч үүрэг оролцоог нь үнэгүйдүүлж орон тоог нь хасаж өөр мэргэжилтэнд хавсарган дайвар маягтай авч үзсэн нв бэлчээрийн ашиглалтыг төлөвлөх, хуваарилах, нөхөн сэргээх, амрааж өнжөөх, усан хангамжийг сайжруулах зэрэг олон талт үйл ажиллагаа нь орхигдсоноос бэлчээр ихээр доройтох том шалтгаан болсон. Мөн байгалийн хадлан бэлтгэх ажил ч мөн ялгаагүй.
Харин мал аж ахуйгаар амьжиргааны эх үүсвэр хийж, гол үйлдвэрлэлээ эрхэлж ашиг орлогоо бүрдүүлдэг аймаг, сумдад бэлчээр, тэжээл хариуцсан мэргэжилтэн заавал байх шаардлагатайг өнөөгийн бэлчээрийн нөхцөл байдал тод харуулж байна.
Хөдөө аж ахуйн зарим салбар чиглэл жил бүр зөвлөгөөн зохион байгуулж бодлого чиглэлээ тодорхойлдог. Харин бэлчээр, тэжээлийн чиглэлээр хурал зөвлөгөөн болж байсангүй. Улсын тэргүүний тариаланч, механикжуулагч зэрэг мэргэжлээр жил шилдгээ шалгаруулах нь уламжлал болжээ. Харин бэлчээр хамгаалагч алдар цолыг бий болгож, сурталчлан таниулах ажлыг хийх, 2 жил тутамд зөвлөгөөн зохион байгуулж зорилго, чиглэлээ ярилцах хэрэгтэй байна.
Харин 2019 оноос бэлчээрийг тусгай зориулалтаар ашиглах болж, аймаг дундын 9 нөөц нутагт 783,3 мянган га, орон нутагт сум дундын 5.4 сая га талбайг нөөц бэлчээр болгон ашиглахаар төлөвлөсөн нь бүс нутгийн цаг агаарын тохиромжгүй (ган, зуд) нөхцөлд л ашиглах юм. Мөн бэлчээрийг өнжөөж амраах, хашиж хамгаалах, олон наст ургамлын үр тариалж нөхөн сэргээх ажлууд нь сургалт, судалгаа, таниулан сурталчлах чиглэлээр явагдаж ирсэн нь малчдад бэлчээр ашиглах талаар зохих үр дүнг өгч байна. Энэ талаар эрдэмтэн судлаачид үнэт саналаа нэмэрлэнэ гэдэгт итгэж байна.
Бэлчээр нь ургац арвин сөл шим ихтэй, мал нь тарга тэвээрэг сайтай, малчид нь сэтгэл өөдрөг хангалуун амьдрах болтугай.