Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ногоочин А.Эрдэнэчимэг:
ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР АШГИЙГ ҮЗЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
- Та их олон жил ногоо тарьж байна. Яг хэдэн жил болж байна вэ?
- Үр шимийг нь үзнэ, болно доо гэж зүтгэж явсаар ногооны талбайд 30 жил ажиллажээ. Би чинь уг нь сувилагч мэргэжилтэй хүн шүү дээ. Ногоочдынхоо ирээдүйг өөдрөгөөр харж явдаг боловч бүрхэг л байна. Өрнөөс өр дамжаад л болгож явна. Хамаг байдгаараа хичээж тарьсан ногоогоо ченжүүдэд хямд үнээр борлуулдаг. Хөдөлмөрлөөд мөнгөжөөд, эрүүл саруул амьдармаар байна. Үгүйдээ л рашаан сувилалд яваад байвал хөдөлгөөнтэй байгаа юм чинь урт насална шүү дээ. Ер нь ногоочид халуун наранд гадаа ажилладаг учраас даралт өндөр, богино насалж байна уу гэж ажиглагддаг. Тэгсэн хэрнээ үнэлгээ бага байгааг засаг төр минь анхаараасай.
- Та Адра Монгол байгууллагын “Алсыг хар, органикийг сонго” хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн үр ашгийг хүртэв үү?
- Эрүүл хоол хүнс идэж, эрүүл амьдармаар байсан учраас Адра Монгол байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн “Алсыг хар, органикийг сонго” хөтөлбөрт хамрагдсан. Бид ХХААХҮЯ-д органик ногоо тариалагчаар бүртгэгдэж органик бүтээгдэхүүний шошгыг ашиглах эрхтэй болсон. Төслөөс Улаанбаатар хотод органик бүтээгдэхүүний дэлгүүр нээж бид 14 хоног тутамд ногоогоо галт тэргээр хүргүүлдэг.
Ус, хөрсний шинжилгээний бичиг баримттай, талбайдаа органик тариаланч гэсэн пайз зоосон байгааг хараад хүмүүс их сонирхдог. Бүр ногооны талбай дээр хүүхдүүдээ дагуулан ирж идэх хүнсний ногоог нь хэрхэн тарьж ургуулж, усалж арчилж, хурааж байгааг харуулж таниулдаг болжээ. Одоо хүмүүс амьдралын зөв хэв маягийг сонгож эрүүл хүнс идэхийг зорьдог болж худалдан авагчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ийм хүн улам олон болоосой, тэгвэл бид хөдөлмөрөө үнэлж ченжийн дамжлагагүй хэрэглэгчдэд шууд борлуулж чадна. Хэн хэндээ эрүүл мэнд, эдийн засгийн ашигтай.
- Органик тариаланч болоход юунд анхаарах хэрэгтэй вэ?
- Органик үйлдвэрлэлд хяналт хамгийн чухал. Органик нэрийн дор нэгдсэн нэг л хүн буруу үйлдэл хийвэл нийтээрээ үгүйсгэгдэх учраас төслийн зүгээс хамгийн хялбараар бие биенээ хянадаг хамтын баталгаажуулалтын байгууллагаар шийдэж өгсөн. Эрдэнэчимэг ганцаараа ямар нэг юм хийвэл юу хийснийг хэн ч мэдэхгүй, харин бүгдээрээ оролцоод, хянаад хийвэл ямар орцтой яаж найруулж байна гэх зэргээр бие биенээ хянаад зургаар, баримтаар гэрчилж баталгаажуулж байгааг хамтын баталгаажуулалт гэж байгаа юм. Хамтын баталгаажуулалтыг сайн хийсэн нөхцөлд хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагын гэнэтын шалгалтыг ажрах зүйлүй давна. Хэлсэн ярьсан, алхсан гишгэсэн бүхэн нь баримттай байж байдаг.
Манайх гэхэд л эрүүл хүнс үйлдвэрлэлд анхаарч сүүлийн 8 жил ямар ч химийн бодис хэрэглээгүй. Адра Монгол байгууллагынхан манай талбай дээр ирэхэд байцайны өт түүж байсан болжморууд дэрхийн нисээд шонгийн утсан дээр эгнэж суухыг хараад бүгдээрээ баярлаж байсан. Бид тууштай тэвчээртэй байж чадвал байгаль өөрөө цэвэрлэж өгдөг.
- “Хамтын батагаажуулалтын байгууллага” /ХББ/-аа танилцуулбал?
- Би хамтын баталгаажуулалтын “Өнөр булаг” хоршоог хэсэг ногоочдын хамт байгуулсан. Хоршооны даргын албыг гишүүд ээлжилж хийдэг, энэ удаад би хийж байна. ХББ маань 12 гишүүнтэйгээс хоёр нь залуу, 10 нь 60 гаруй насныхан байна. Гэсэн ч бид Шаамарын техник мэргэжлийн сургуулийн Мод үржүүлгийн ангид сурч байна. Бид мод үржүүлж, мөнгө олохоор багштайгаа жимс, жимсгэнийн модны харандаа, бургасын суулгац бэлтгэсэн. Хоршооны гишүүд маань урам зоригтойгоор бүгдээрээ оролцъё, хийе, амьдралаа дээшлүүлье гэсэн нэг зорилготой учраас сайхан байдаг.
- Төслийн зүгээс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
- Адра Монгол ХББ-уудад органик үр, тарилтын гар багаж хэрэгслээр дэмжихээс гадна ногоочдод сургалт явуулж байна. Одоо хуучны арга ул болжээ. Тархиа цэнэглэхгүйгээр тариа ногоо тарихааргүй байна. Шриланкаас мэргэжилтэн урьж талбайн хөрсний үржил шим сэдвээр 2 удаагийн, ОХУ-аас мэргэжилтэн урьж матлетикийн аргаар ногоо тарих сургалтад хамрууллаа. Энэ их зардал гаргаж сургаж байгаагийн хэрээр бид хийх юмсан, хэргийг нь гаргах юмсан гэж хичээдэг.
Энэ нь 45 см өргөнтэй шуудуу үүсгээд хоёр талаар нь ногоогоо тарина. Дундаа зайтай болохоор агаар сайн авч ногоо маш сайн ургадаг. Өмнө нь эгнүүлж тариад агаар орохгүйгээс болоод голцуу жижиг ургаж байсан юм билээ. Манайх энэ аргаар тариалсан талбайгаа бусад ногоочдод үлгэрлэн танилцуулж маш сайн тайлбарлаж өгдөг. Бага талбайгаас их ургац авч хөдөлмөрийг хөнгөвчилж байна. Энэ аргаараа бид модоо тарихаар төлөвлөсөн.
- Ногоочдод тулгараад байгаа бэрхшээлийг шийдвэрлэх ямар арга зам байна вэ?
- Ногоо тарих өртөг өндөр учраас хоршоо мөнгөтэй болж чадахгүй байна. Хоршоо мөнгөжихгүй байна, болих уу гэж гишүүдээсээ асууна, үгүй ээ, бүгдээрээ ногоогоо тарина, модоо тарина, эцсийг нь үзнэ гэдэг. Бүгдээрээ хийе гэсэн сэтгэлтэй болохоор их гоё. Нэгнийхээ машинд суугаад сургалтдаа явчихна, шатахууныхаа мөнгийг хуваагаад төлчихнө. Багшийгаа дагуулж яваад зөвлөгөө авна. Хамтраад хийхээр бүх зүйл хялбар, бие биенээсээ суралцдаг.
Тариаланчдын холбоонд ногоочдыг багтаасан нь сайшаалтай. Мөнгөжсөн, баялагтай улсуудыг ядарсан ногоочид дагах нь зөв юм. Холбоо тариаланчдын тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдэж байгаа шиг ногоочдын тоног төхөөрөмж, зээл шийдэгдэж магадгүй.