ДЭЛХИЙН ХӨРСНИЙ ӨДӨР-2022
МУ-ын гавьяат багш, профессор, зөвлөх агрономич-Агрохимич А.Чойжамц
- Айлаас гуйхаар авдраа уудал -
Монгол орны байгалиас төрөл бүрийн органик болон эрдэс бордоо үйлдвэрлэх нөөц бололцоо асар их байна. Төр, засаг “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэрэгжүүлж импортыг хааж, экспортыг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг гол зорилго болголоо.
Бордоо хэрэглэхгүйгээр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хөгжихгүй. Монгол орон байгалийн асар их баялгаасаа бордоо үйлдвэрлэж хөдөө аж ахуйн үйдлвэрлэл хөгжүүлэх ихээхэн нөөц байгааг энд өгүүлье.
Мал аж ахуй бэлчээрийг доройтуулж, газар тариалан байгалийн нөөцийг шавхаж, хөрсний үржил шимийг доройтуулж байна. Тэгэхээр бэлчээрийг арчилж хамгаалж, нөхөн сэргээн сайжруулах, тариалангийн талбайд үржил шимийн нөхөн сэргээлт хийж байж хөрсний доройтлоос хамгаална.
Эдгээрийг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэхгүй бол мал аж ахуй, газар тариалан, байгаль экологид халтай үйлдвэрлэл байсаар л байх болно. Ургамал хооллож, ундаалдаг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
Коронавирусийн хөл хорио дэлхийн дахинд эдийн засгийн хямрал авчирлаа, дэлхий даяар хүнсний хомсдол үүслээ, ОХУ Украйн улсад халдан дайтаж байна, Европын орнуудад 500 жилд тохиогоогүй их халалт, ган болсон, БНХАУ-ын хэд хэдэн мужид ган болж, их мөрнүүдийн усны төвшин буурч, үер, цунами болсон. Ямар нэг гамшиг тулгарахад нэн тэргүүнд иргэдээ хүнсний хомсдолоос урьдчилан сэргийлсэнээр эрсдлийг даван туулах чадварыг олгож байдаг.
Өвчин тахал, дайн, ган гачигтай тулгархад НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, болон бусад өндөр хөгжилтэй орны удирдагчид хүнсний хомсдолд орох эрсдлийг анхааруулж байна. Тэд өргөн хэрэглээний хүнсээ хэрхэн хангах талаар ярихдаа хамгийн түрүүнд бордооны ханган нийлүүлэлтэд анхаарал хандуулж байна.
Хөгжилтэй орнуудын фермерүүд эрдэс бордоо хэрэглэхгүйгээр бид ургац алдана, ашиг буурна, амьдрал хүндэрнэ гэж төр, засагтаа шаардлага тавин жагсаж байхад манай тариаланчид үржил шимгүй хөрсөндөө тарина, ургуулна гээд л сууж байна. Ингэдэг болохоор ургац бага, чанар муу байгаа юм. Гэхдээ бүгд тийм биш, агротехникийн шаардлагаа мөрдөж, шинжлэх ухааны үндэстэй технологи нэвтрүүлэн арвин ургац авч буй компани ч байна.
Монгол Улсад эрдэс бордоо /химийн бордоо гэж нэрлэх нь буруу/-ны үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломж, ашигт малтмалын нөөц байна. Тиймээс эрдэс бордооны ашигт малтмал хөгжүүлж, бордоо үйлдвэрлэгч орон болох асуудал дэвшүүлж байна.
ФОСФОРИТ. Монгол орны фосфоритын баялаг тогтоц нь фосфорын бордоо үйлдвэрлэх байгалиас заяасан нөөц юм. Монгол орны фосфоритын нөөцийг 1980-аад онд Монгол-Оросын эрдэмтэд Хөвсгөл аймгийн Бүрэнхаанд 4.5 тэрбум тн, Завхан аймгийн Алдархаанд 1.2-1.5 тэрбум тн, Говь-Алтай аймгийн Тайшир болон Хөхморт суманд илэрцтэйг тогтоосон. Монголын фосфоритын ордын нөөц дэлхийн эхний аравт тооцогддог. Фосфорит нь бүх төрлийн нийлмэл эрдэс бордоо үйлдвэрлэлийн суурь болдог.
Эрдэнэт үйлдвэр цэвэр зэс үйлдвэрлэхэд их хэмжээний хүхрийн хүчил ялгарна. Үүнийг агуулах хадгалах маш том сав хэрэгтэй бөгөөд хүхрийн хүчлийн зах зээлийн борлуулалт байхгүй, фосфоритыг зөвхөн хүхрийн хүчлээр үйлчилж суперфосфат гэх фосфорын сайн чанарын бордоотой болно. Моноаммофосфат, диаммофосфат гэх бордоо ч үйлдвэрлэнэ. Дотоодоо хангаад, экспортод ч гарна. Мөн фосфоритын чулууг шууд нунтаглаад фосфоритын гурил гаргаж бордоо болгоод хэрэглэж болно. Фосфор нь ургамлын үндэсийг хүчирхэгжүүлж, үр жимсийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулж, болцыг түргэсгэж, байгалийн эрдсийг даван туулах чадлыг нэмэгдүүлнэ.
КАЛИ. Монгол орон байгалийн эрдсээр баялаг. Хөдөө аж ахуйд бас л нэн чухал хэрэгтэй эрдэс бол кали бөгөөд кали агуулсан чулуулаг давс юм. Байгаль дээр байгаа кали агуулсан эрдэс чулуулаг нь сильвинит, карналлит, каинит, лангбейнит, полигалит зэрэг олон төрлийн эрдэс чулуулгууд, давс байдаг аж. Түүгээр ч үл барам цементийн үйлдвэрлэлийн чулуулагтай ойролцоо тул цементийн үйлдвэрээс ч калийн бордоо гаргадаг юм байна. Нөгөө талаар сөнөсөн далай, тэнгисийн ёроол, давст нуур, цөөрөм нь монголын говь, цөл, хээрийн бүсээр нилээд байдаг. Калийг манай эрдэс баялаг судлаач эрдэмтэд, геологичид калийн бордооны түүхий эд байж болох шинж тэмдэгт илэрцэт газруудыг бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Тухайлбал Гурван тэс, Сангийн далай, Жирмийн нуур, Шар бүрд, Шүдэн уул зэргийг дурдаж калийн илрэлийг тогтоосон гэжээ. Нөөцийг нь судалж тогтоох хэрэгтэй.
АЗОТ. Азотын бордооны үйлдвэрлэл нь химийн үйлдвэрлэлийн хөгжилтэй нягт холбоотой. Химийн аж үйлдвэрийн парк байгуулах тухай их яригддаг ч хэрэгжүүлэх ажил эхлээгүй. Азот ба нүүрстөрөгчийг нийлэгжүүлээд аммони гаргаад цааш исэлдүүлж шүвтрийн шүү, бусад азотын олон төрлийн бордоо үйлдвэрлэх боломжтой болдог. Нүүрс коксжуулах, нефть боловсруулах явцад азотын бордоо гаргаж болдог байна.
Микро элементүүд ургамлын хооллолтын чухал бодис. Уул уурхайн баяжмалын үйлдвэрлэлийн явцаас гаргаж авч болно. Тухайлбал зэс, молибдений бордоо, цайр, төмөр, кобальт, манган зэрэг микро элементийн бордоонууд үйлдвэрлэж болно. Микро элементүүд маш бага хэрэгцээтэй ч физиологийн өндөр ач холбогдолтой. Үүнээс үзэхэд монгол улс макро ба микро элементийн иж бүрэн бордоотой байх боломжтой.
Манай төр, засгийн удирдлагууд энэ тал дээр онцгой анхаарах ёстой. Хүнсний хангамжаа сайжруулах, тэрбум мод ургуулахад бордоо гол түлхэц болно. Манай малчин гаралтай удирдлагууд тариа, ногоо, мод ургуулах талаар ямар ч ойлголтгүй. Тариаланчид, ногоочид л бордоо сураглаад гүйхээс хэтрэхгүй нь харамсалтай.
Монгол улсын ерөнхийлөгчийн “Хүнсний хангамж, эрүүл хүнс” болон “Тэрбум мод” хөтөрбөрийг хөрсөө тордож, бордоо хэрэглэхгүйгээр амжилттай хэрэгжүүлэх боломжгүй. Малчид малдаа хадлан, тэжээл бэлтгэдгийн адил, тариаланчид ургамал, хөрсний тэжээл бордоонд санаа тавих ёстой. Бүр нэхэж, шаардах ёстой.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дараагийн XXI зуунд Дэлхийд таримлын ургацыг хязгаарлах хамгийн гол хүчин зүйл бол бордооны хэрэглээ, хөрсний үржил шим хамгаалах зүйл байх болно” гэж 1980-аад онд уриалжээ.
Тэгвэл “Ногоон хувьсгалын эцэг”, Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Норман Борлоуг “Хүн төрөлхтөн хоосон ходоодтойгоор дэлхий дээр энх тайвныг тогтоох ямар ч боломжгүй. Хэрэв фермерүүдийг эрчимжсэн газар тариалангийн орчин үеийн хүчин зүйлүүд болох шинэ сортууд, бордоо, ургамал хамгаалах бодисоор хязгаарлах юм бол зарим хүмүүсийн ярьж байгаагаар хордох бус харин дэлхий дахин өлсгөлөн, нийгмийн хямралд нэрвэгдэх болно” гэж хэлсэн нь ковид, дайнтай өнөөгийн нөхцөлд улам бүр нотлогдож байна.
ХХААХҮЯ нь хөдөө аж ахуйнд ялангуяа малчид, ногоочдын хөдөлмөр хөнгөвчилсөн, хүн хүч цөөн шаарддаг механикжуулалт, бордоо, ургамал хамгааллын бодисоор хангах талаар санаа тавих ёстой. Учир нь малчид хадлан, бэлчээрээ бордож тордох, отор нүүдлээ багасгах, ногоочид, жимсчид бага зардлаар ургуулах, хураах технологид шилжих нэн шаардлагатай байна. ХХААХҮЯ хөдөө аж ахуйг дэмжих үйлдвэрлэл, бордоо үйлдвэрлэл, ургамал хамгааллын бодис, шинэ техник технологийг хөгжүүлэх бодлого ярихаасаа илүү ургацын хэмжээ, малын тоо, мөнгөний хэмжээ л ярьж байна.
Монгол Улс сүүлийн 30 гаруй жил үндсэндээ хөрсний үржил шимээ хамгаалж, тэтгэж, тордолгүй тариалан эрхэлж ирлээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөрсний үржил шимийг доройтуулагч, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулагч үйлдвэрлэл болж байна.
Төр, улс дотоодын үйлдвэрлэл, ялангуяа хөдөө аж ахуйг дэмжих хавсарга болон суурь үйлдвэрлэл хөгжүүлэх санаачилга гаргасангүй. Бордоог импортолж байтал улс орнууд хилээ хаалаа. Өмнөх жилүүдэд 1 тонн бордоо 1.2 сая төгрөг, га-д 60-80 кг орно гэвэл нэг га-д 72 000-96 000 төгрөг хийдэг байсан бол 2022 онд 1 тонн бордоо 3.5 сая төгрөг болж нэг га-д 210 000-280 000 төгрөгийн бордоо хэрэглэжээ. Одоо тонн бордооны үнэ 4.0 сая төгрөг хүрчээ. Уг нь жилд багадаа 250-300 кг-аар бордох ёстой, хөгжилтэй орнууд 400-500 кг-аар бордож органик бодис, эрдэс бодис, аминдэм хангалттай бүрэлдүүлэн эрүүл, арвин ургацтай, ашигтай ажилладаг. ОХУ-ын бордоо үнэтэй, гаалийн татвар өндөр, БНХАУ экспортлох квот бордоонд өгөөгүй. Улс орнууд эдийн засгийн хүндрэлд орж үйлдвэрлэлээ багасгаж, зөвхөн дотооддоо хангах бодлого барьж байна. Энэ бол ковид ба дайны хямрал.
Монгол орон байгалийн баялаг ихтэй бүх төрлийн макро, микро элементийн бордоог үйлдвэрлэх боломжтой. Органик бордооны түүхий эд хангалттай ч багаханыг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Их хэмжээний талбайг органик бордоогоор бордох бол бордооны нөөц хүрэлцэхгүйн дээр үнийг нь хүчрэхгүй, нөгөө талаас органик бордоонд ургамлын хоол, тэжээлд шимэгдэх эрдэс бодис, элементүүд дутагдалтай байдаг. Эрдэс бордоотой болбол органик-эрдэсийн хольцтой нийлмэл бордоо үйлдвэрлэх болно. Органик-эрдэс нийлмэл бордоогоор үр тариа болон бүх таримлаа бордож хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх билээ. Тиймээс эрдэс бордоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зайлшгүй хэрэглэх ёстой.
Манай оронд фосфор, кали, азотоос гадна олон төрлийн ашигтай эрдэс бий. Тухайлбал, цеолит, доломит зэрэг хөрс, ургамалд нэн ашигтай үйлчлэл үзүүлдэг, бордооны тэжээлийн найрлага, чанарыг сайжруулаад зогсохгүй, хөрсний чийг барих чадварыг сайжруулж, олон төрлийн микро элементээр хөрс, ургамлаа тэжээн тэтгэдэг ач холбогдолтой.
ХААИС-ийн багш нарын олон жилийн судалгааны үр дүнд “Экологийн цэвэр бордоо” инновацын төсөл 2010-2013 онуудад гүйцэтгэн үр дүнгээр нь органик эрдэс, үрлэн нийлмэл олон төрлийн найрлагатай бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2015 онд байгуулсан. Гэвч Ковид, дайн тулааны бэрхшээл үүсэж түүхий эдийн хомсдолд ороод байна.
Фосфор, азот, калийн бордооны үйлдвэр хөгжиж эдгээр бордоог үйлдвэрлэж чадвал одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа бордооны үйлдвэртэй хамтран инновац шингэсэн кластерын үйлдвэрлэл хөгжих учиртай.
Олон зуун жилийн туршид дэлхийн эрдэмтдын судлан, бүтээсэн хөрсний зохиомол үржил шимийг бордоо гэнэ. Өмнөх үеүдэд бордоо хэрэглэсэн статистикийн тойм мэдээнээс үзвэл “Атрын I аян”-ы тариаланд эрдэс бордоог жилдээ 30.0-60.0 мян.тн хэрэглэж байсан бол “Атрын II аян”-ы тариаланд эрдэс бордоог жилдээ 80.0-102.0 мян.тн болж өсөж ургац их хэмжээгээр нэмэгдсэн юм.
Одоо тариаланд жилдээ 150.0-200.0 мянган тонн бордоо шаардлагатай. Цаана нь тэрбум мод, ойжуулалт, хот тохижилт-зүлэгжүүлэлт, уул уурхайн нөхөн сэргээлт, хадлан, бэлчээр бордож сайжруулалтад бордоо шаардлагатай.