ХААИС “АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГАТАЙ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
- ХААИС-ийн захирлын хариуцлагатай албанд томилогдоод удаагүй ч энэ том хамт олны ажил үйлсийн байдалтай танилцаж амжсан байх. Та ямар хүндрэл, тулгамдсан гол асуудлууд байна гэж үзэж байна вэ?- Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчний тоо жилээс жилд буурч байгаа нь салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүний нөөцийн бодлогыг шинэчлэх, хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах шаардлага
буйг харуулж байна. Үүнд энэ салбарт ажиллагсадын цалин дунджаас доогуур, ажлын байр орон нутагт түлхүү байдаг зэрэг нь нөлөөлсөн. Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь хөдөө аж ахуй салбар гэдэг ч төрийн тогтвортой бодлого дэмжлэг тодорхой төвшинд дутмаг байдаг. “Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль” 2017 онд батлагдан гарч, хуулиар Монгол Улсын 21 аймаг, 330 суманд ажлын байр бий болгосон нь хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг ажлын байраар хангах том алхам болсон. Гэхдээ орон нутагт тухайн ажлын байранд ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчний цалин, хангамж зах зээлийн үнэлгээнээс доогуур байгааг эргэж харах хэрэгтэй.
ХААИС-д элсэгчдийн тоо буурсантай холбоотой санхүүгийн тодорхой сорилтууд тулгарч байна. Өнөөдрийг хүртэл ХААИС-ийн эрдэмтэн багш нар оюутны сургалтын төлбөрөөс үл хамааран гадаад, дотоод, захиалгат төсөл хэрэгжүүлж эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар сургалтын орчныг сайжруулах технологи, лабораторийн тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтыг хийж ирсэн нь сургуулийн үйл ажиллагаа, хөгжилд чухал хувь нэмэр болж байна.
- Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол зорилт, арга хэмжээний талаар санал, бодлоо хуваалцана уу?- ХААИС-ийн бэлтгэдэг мэргэжлийн танилцуулгыг нийслэл, аймгуудын ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулахдаа уламжлалт арга барилыг өөрчилж элсэлтийн ерөнхий шалгалт өгсөний дараа биш бүтэн жилийн хугацаанд хийдэг цикл рүү орох шаардлагатайг багш нар хэлж байна. Ахлах ангийн сурагчдад тухайн мэргэжлийн мэдээлэл, мэргэжлээ сонгох хугацааг хангалттай өгч элсүүлэх нь энэ салбарт ажиллах залуу боловсон хүчний тоог нэмэгдүүлнэ гэж үзээд жилийн турш мэргэжил сурталчлах үйл ажиллагааг тогтмол хийх календарчилсан төлөвлөгөө гаргахаар Сургалтын бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургуулиуд ажиллаж байна.
ХААИС Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа-2050” Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээ, сургалт, зөвлөх үйлчилгээний төвшин, үйл ажиллагаагаа өргөжүүлэн оролцоно. Мөн 21 аймагт Шинжлэх ухааны газар байгуулагдсантай холбоотой орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө гаргахад ХААИС-ийн эрдэмтэн багш нар мэдлэг, ур чадвараа дайчлан оролцох болно.
- Хөдөө аж ахуйн салбарын дээд боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны менежментийг шинэчлэх талаар ямар бодлого баримталж ажиллах вэ?- Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийг хослуулж орон нутагт түгээн дэлгэрүүлэх бодлого баримталж байна. Төрөөс баримталж буй бодлогыг ХААИС-ийн эрдэмтэн багш нар, оюутан төгсөгчдийн гурвалсан холбоогоор сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн гинжин хэлхээг орон нутагт бий болгоно. Орон нутгийн хүний нөөц, боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг сайжруулах богино хэмжээний сургалтуудыг тухайн бүс нутгийн онцлогт тохируулан зохион байгуулахад ХААИС-ийн багш нарын оролцоог илүү хангаж ажиллах зорилт тавьсан.
“Эрдэнэс таван толгой” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж “Ажлын байрны захиалгатай оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хамтын ажиллагааны үр дүнд төгсөгчид ажлын байртай болж тэр хэмжээгээр мэргэжлийн үнэ цэн өсөх болно. “Эрдэнэс таван толгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 250 сая мод тарих, байгалийн нөхөн сэргээлт хийх хариуцлагын гэрээтэй. Мөн Монгол Улсад шилдэг 10-д үнэлэгдэх хүлэмжийн аж ахуйг орон нутагт нэвтрүүлж мэргэжлийн боловсон хүчнээр хангах саналыг тавьсан. Энд багш, ахисан төвшний судалгаа хийж байгаа оюутнууд хамтарч ажиллах боломж гарч байна.
- “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн жишгээр бусад үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж болох юм?- Мал аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран
ажиллах гэрээ байгуулаад оюутнуудыг дадлагажуулах, төгсөөд ажлын байртай болгох хэд хэдэн санал яригдаж байна. Үүний нэг нь MCS ХХК-ийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг Метагро ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж оюутан, судлаачдыг үйлдвэрлэл дээр ажиллуулах боломж бүрдэнэ.
- Багш нар сургалт төсөл хоёрыг зэрэгцүүлэн авч явах ямар оновчтой менежментээр ажиллах вэ?
- ХААИС-ийн багш нар профессор, дэд профеесор, ахлах багш, багш, дагалдан багш гэсэн 5 зэрэглэлд ажилладаг. Профессор багш эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл хөтөлбөрийг манлайлах шаардлагатай. ХААИС эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлье гэвэл эрдэм шинжилгээ, судалгааг зайлшгүй хийнэ. Тийм учраас сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болно гэсэн алсын хараа эрхэм зорилгын хүрээнд 2014 онд профессорын баг байгуулсан. Профессорын багийн ажлын үр дүнг 1 жилээр дүгнэх нь явцуу бөгөөд 10 жилээр харж ахиц дэвшлийг дүгнэх ёстой. Хөдөө аж ахуйн салбар эрдэмтэн багш, судлаачдын оюуны мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, түгээж байж хөгжинө. Сургалт судалгаа хоёрын зөв менежментийг бодлогын баримт бичиг, дүрэм журмаар зохицуулах нь ХААИС-ийн захиргаа, удирдлагын багийн үүрэг хариуцлага юм. Эрдэм шинжилгээ судалгааны үр дүн, салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багийн зохион байгуулалтыг яаж хийх, үйл ажиллагааны менежментийг ямар хууль, эрх зүйн орчинд зохион байгуулах, ямар бодит үр дүнд хүрэх вэ гэдэг олон талын хүчин зүйлийг судалж үзээд оновчтой менежментийг үндэсний болон гадны сайн жишгүүдтэй харьцуулж хамгийн зөв хувилбарыг сонгох нь чухал.
- ХААИС судалгааны олон тооны лабораторитой, бүрэн ашиглаж чадаж байна уу?
- Бакалавр, магистр, докторын онол практик хослуулсан сургалтын лабораториудыг өдөр тутамдаа бүрэн ашиглаж байна. Харин өндөр технологийг нутагшуулах ахисан төвшний лабораториудын бүрэн ашиглалт учир дутагдалтай, үүнд хэдэн хэдэн шалтгаан бий. Ийм лабораториудын тогтвортой үйл ажиллагааг хангах зардал өндөр
байдаг тул хөрөнгө оруулалт олох хэрэгтэйгээс бүрэн ажиллуулаад үр дүн гаргах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг. Үүнийг үндэсний үйлдвэрлэгч, бусад судалгаа эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран байнгын үйл ажиллагаатай дундын лаборатори болгон шийдэж болно. Одоо батлагдах гэж буй “Шинжлэх ухаан, инновацын тухай хууль”, дагасан дүрэм журмуудад дундын нээлттэй лабораториудыг илүү идэвхтэй үйл ажиллагаанд оруулах эрх зүйн зохицуулалт тодорхой болох байх.
- Оюутнууд сурах, амьдрах таатай орчныг хүсдэг. Үүнд хэр анхаарч байгаа бол?
- ХААИС-ийн хичээлийн төв байр 1956 онд ашиглалтад орсон байдаг. Хамгийн сүүлд хийгдсэн бүтээн байгуулалт нь 2009 онд ашиглалтад орсон оюутны байр. Хичээлийн төв байрны барилгад бүрэн хэмжээний засвар хийхэд багагүй төсөв шаардлагатай.
Оюутны төлбөрийн орлого дийлэнх нь ажилтнуудын цалинд, багахан нь бүтээн байгуулалтад зарцуулагддаг. Төрийн өмчийн сургуулиудын суурь зардлыг төрөөс олгож байгаад 2017 оноос зогсоосон. Одоогоор эдийн засгийн байдалтай холбоотой суурь зардлын үнэ өссөнөөр тохижилт, бүтээн байгуулалт хийх боломжгүй байна. Тэгэхээр төрийн өмчийн их сургууль төрөөс бодит дэмжлэг аваад эргээд сайн чанартай сургалт, боловсон хүчин бэлтгэдэг шинэчилсэн тогтолцоо хэрэгтэй.
- ХААИС-д сургалтын төлбөр, төсөл хөтөлбөр гэсэн 2 санхүүгийн эх үүсвэр байна.Эх үүсвэрээ нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?
- ХААИС оюутны төлбөрт суурилсан орлогын эх үүсвэртэй учраас олон талт санхүүгийн эх үүсвэртэй болох зайлшгүй шаардлага бий. Судлаач багш нар гарааны бизнес эрхлэх, гарааны компанийг байгуулах, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, орон нутгийн боловсон хүчнийг мэргэжлийн богино хугацааны сургалтад хамруулах гэх мэтчилэн орлогын олон талт эх үүсвэрийг бий болгож салбарын хүний нөөцийг бэлтгэж буй цор ганц сургууль хөгжлийн зөв чиглэл рүү явна гэж харж байна. Орлогын олон талт эх үүсвэрийн бодлогыг шинэчлэн боловсруулах, түүнд эрдэмтэн багш нар, судлаачид оюутнууд нээлттэй оролцдог байх эрх зүйн зохицуулалт, дүрэм журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.