Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грантыг тус яамны дэд сайд М.Ганхүлэг гардууллаа. Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.1 зорилтын 3 дах арга хэмжээ шинэ мэдлэг патентийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад хөнгөлөлттэй зээл, грантыг олгоно. Хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүнг эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй сайдын нэрэмжит грантын сонгон шалгарлуулалтад салбарын бүтээлүүдээс
- Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн импортын бүтээгдэхүүнийг орлох “Грийн биобэлдмэл” бүтээлийн баг
- Инженер технологийн сургуулийн “Монгол авга брэнд бүтээгдэхүүн” хүнсний хамгийн чухал хэрэгцээ болсон ургамлын тосыг шинэ технологиор гаргаж авах оновчтой санал
- Шинжлэх ухаан технологийн сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хөвсгөл аймгийн “Нүнжиг хангайн жимс” ХХК-ийн хамтарсан “Орон нутгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт бүтээл” шалгарч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит батламж, 10 сая төгрөгийн грантыг тус тус гардан авлаа.
ХААИС-ийн Инженерийн технологийн сургуулийн “Монгол авга” брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн ахлагч, доктор Л.Лхагвасүрэн, доктор Ж.Мөнгөн, доктор Ж.Эрдэнэдалай нар “Алтан тос” гэгддэг Камелина сатива таримлыг тариалж маалингын тостой ижил сайн чанартай хүнсний тосыг үйлдвэрлэж эхэлжээ. Уг хүнсний тосны түүхий эд болох Камелина сатива буюу тосны авга ургамал нь омега-3, омега-6, омега-9 агуулдаг бөгөөд импортын бүтээгдэхүүнээс 30-50 хувь хямд үнээр зах зээлд нийлүүлэх боломжтой юм.
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 2020 онд 20 га-д Камелина сативаг тариалж түүхий эд болон үрийн нөөц гаргаж авсан байна. Камелина сативаг хүйтэн даралтын аргаар боловсруулж
- “Камелина хүнсний тос”
- “Камелина хурдан морины нэмэлт тос”
- “Камелина хурдан морины нэмэлт хүчит тэжээл”
- “Камелина малын хүчит тэжээл” гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Авсан санхүүжилтийнхээ хүрээнд одоогоор жилд зургаан тонн хүнсний тос, таван тонн хурдан морины тосон тэжээл, хөрөнгө оруулалт нэмж аваад нэг тонн капсултай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, үлдэгдэл шаараар 54 тонн малын тэжээл бэлтгэх зах зээлийн судалгаа хийсэн. Мөн жилийн борлуулалтаа 204 сая, үйлдвэрлэлийн зардал 140 сая, татварын дараах цэвэр ашиг 37 сая төгрөг гэж тооцоолсон. Оюуны өмчөө 60 сая, эргэлтийн хөрөнгөө 28 сая, ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө 60 сая төгрөгөөр үнэлж, нэмэлт 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авснаар цех 4.5 жилд бүх зардлаа төлөөд бүрэн ашигтай ажиллах боломжтой юм байна.