“Аргалын цаас” төслийн санаачлагч, “Спек материалс” ХХК-ийг үүсэн байгуулагч Г.Эрчиссаран:
100 КГ ЦААСЫГ АРГАЛААС ГАРГАЖ АВСАНААР 5 ШИРХЭГ МОДЫГ АВАРНА
- “Аргалын цаас” үнэхээр л байгальд ээлтэй технологи юм аа?
- Баярлалаа, 1 кг үхрийн өтгөөс 60 л хүлэмжийн хий ялгардаг гэсэн судалгаа бий. Монгол улсад хүлэмжийн хийнээс сэргийлэх зохицуулалт байхгүй, үхрийн өтөг бууцаа шууд л байгальд хаядаг. Ингэж хаяхын оронд цаасны түүхий эд болговол хүлэмжийн хий тодорхой хэмжээгээр буурна. Монгол улс цаасны хэрэгцээгээ 99% импортоос хангадаг болохоор валютын ханш өсөхөд дагаад цаасны үнэ өсөж байдаг. Тиймээс сэргээгддэг түүхий эдээрээ цаас үйлдвэрлэвэл багахан хувиар ч болтугай импортыг орлох боломжтой юм.
- Аргалын цаас нь модны цааснаас ямар ялгаатай вэ?
- Нэг тонн цаас үйлдвэрлэхэд 17 ширхэг модыг тайрдаг. Тэр модыг 5-8 жил ургуулчихаад зөвхөн цаас хийхэд зориулж тайрдаг. Манайх огт мод ашиглахгүй, нэг тонн цаас хийхэд 5 үхрийн 14 хоногт ялгаруулсан өтгөөр хийх боломжтой. Түүхий эдээ олборлоход байгальд ээлтэй байдал, цаг хугацаа гээд олон давуу талтай.
- Аргалын цаасан дэвтэр харсан. Үйлдвэрлэлийн хүчин чадал хэр вэ?
- Одоогоор манай цех өдөрт 200 ш нэрийн хуудас хийх хүчин чадалтай. Гар урлалаар дэвтэр хийдэг OWL брэндтэй хамтраад аргалын цаасны дэвтэр цөөн тоогоор гарч байна. Гэхдээ масс үйлдвэрлэл нэвтрүүлсний дараа дэвтрийн цаас үйлдвэрлэх боломжтой. Их хэмжээгээр үйлдвэрлэхэд эхний ээлжинд аргалын цаасаа патентжуулахаар материалаа өгөөд хүлээж байна. Цаас үйлдвэрлэл их хэмжээний анхны хөрөнгө оруулалт, дэд бүтэц шаарддаг. Магадгүй 10-20 тэрбумын хөрөнгө оруулалтаар массаар үйлдвэрлэх боломжтой болно. Одоогоор цехийн хэмжээнд хагас автомат, хагас гар ажиллагаагаар нэрийн хуудас, шошго зэргийг хийж байна.
- Өнгөрсөн хугацаанд хэдэн кг аргалаар хэр хэмжээний цаас үйлдвэрлэсэн бэ?
- Төсөл маань жил хагасын өмнө эхэлсэн. Компани 2023 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Цехээ тохижуулаад тавдугаар сараас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 100 гаруй кг аргалаас 40 гаруй кг цаас үйлдвэрлэсэн.
- Түүхий эдээ хэрхэн нөөцөлж, ямар шаардлага тавьдаг вэ?
- Тийм нарийн шаардлага тавихгүй, гол нь 5-6 сараас удаагүй байх ёстой гэсэн шаардлага л бий. Энэ хугацаанаас удсан байх юм бол аргал дотор байдаг цаасны түүхий эд нь агаарын хүчилтөрөгтэй урвалд ороод идэгддэг. Цехийнхээ хүчин чадалд тохируулаад малчин өрхөөс шуудайгаар худалдаж авдаг. Цаашдаа масс үйлдвэрлэл нэвтрүүлж, зөвхөн цаас үйлдвэрлэхэд төвлөрөх учраас түүхий эдийн татан авалтаа фермерүүдээс хийнэ.
- Шарк танк нэвтрүүлэгт амжилттай оролцож хоёр ч шаркаас санхүүжилт авч чадсан?
- Тиймээ, 80 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Санхүүжилт авахаас өмнө гэрээ хэлэлцээрийн бэлтгэх асуудлууд бий. Санхүүжилтийнхээ 20-30 хувийг урсгал зардал, 50 хувийг тоног төхөөрөмж, үлдсэнийг нь судалгаа хөгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөсөн.
- Шаркуудтайгаа холбогдож зөвлөгөө авч байна уу?
- Ч.Анар шарк бизнес төлөвлөгөөнд маш олон зөвлөгөө өгсөн, оюуны технологийн бизнест тулгардаг асуудлуудыг хэлж, хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн.
- Үйлдвэрлэлийнхээ цаашдын хөгжүүлэлтийг хэрхэн харж байна вэ?
- Манай компани технологио үйлдвэрлэлд нэвтрүүлж үйлдвэрлэгчдэд технологио ашиглуулаад үйлдвэрлүүлэх хүсэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл цаашдаа судалгаа хөгжүүлэлтэд илүү анхаарч иновацлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төвлөрч ажиллах сонирхол бий. Патент гарсны дараа технологио үйлдвэрлэгчдэд ашиглуулаад түүнээсээ хувь хүртэж ажиллана.
- Байгаль орчинд маш ээлтэй технологио сурталчилаач гэвэл?
- Нэг кг аргалын цаас үйлдвэрлэхэд 1316 литр нүүрсхүчлийн хийг байгальд тархахаас сэргийлж байдаг, 100 кг аргалын цаас үйлдвэрлэхэд 5ш модыг тайрахаас хамгаалж байдаг. Та байгальд ээлтэй хэрэглээг дэмжиж аргалын цаасыг сонгоорой.