“Нүнжиг хангайн жимс” ХХК-ийн үүсгэн
байгуулагч , менежер Б.Нямжав:
ИЖИЛ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ШИНЖЛЭХ УХААНЧ БАЙДЛААРАА ЯЛГАРНА
- ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит грант авсанд баяр хүргэе?
- Манай компани орон нутгийнхаа жимс жимсгэнээр 10 гаруй нэр төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүгээрээ ХХААЯ-ны сайдын нэрэмжит грантын шагнал авсандаа үнэхээр их баярлалаа. Бид нутгийнхаа баялгаар брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийнхаа ард түмнийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуультай хамтран эх орны хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангадаг болохын тулд судалгаа явуулж эхэлсэн.
- Салбарын дэд сайд танай бүтээгдэхүүнийг орон нутгийн инновацын тод жишээ гэлээ. Бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу тал юу вэ?
- Хүнсний нэмэлт, хугацаа уртасгагч, химийн бодис агуулаагүй, уламжлалт технологиор үйлдвэрлэгдсэн, эрүүл мэндэд ээлтэйгээрээ давуу талтай. Хөвсгөл аймгийн ижил төрлийн бүтээгдэхүүнүүд аль нь ч гэлээ чанарлаг. Гэхдээ бид шинжлэх ухааны үндэслэлтэй инновац шингээхийг зорин судалгаатай хөгжүүлж байгаа нь онцлог болов уу.
- Танай үйлдвэрт хичнээн хүн ажиллаж, хичнээн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
- Манай компани байгуулагдаад 10 гаруй болжээ, одоогоор 10 гаруй ажилтан ажилладаг. Орон нутгийнхаа бүх төрлийн байгалийн жимсээр аньс, нэрс, улаалзгана, гүзээлгэнэ, үхрийн нүд, хад жимсний болон гишүүний чанамал мөн өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэдэг. Мөн малын дайвар бүтээгдэхүүн үхрийн шийрээр истүүжин, истүүжний тос, коллаген зэрэг эмчилгээний хүнсийг брэнд бүтээгдэхүүн болгон 20 гаруй жил үйлдвэрлэж байна. Дайвар бүтээгдэхүүнээс эрүүл хүнс үйлдвэрлэж буй энэ чиглэлдээ анхдагч бөгөөд өрсөлдөгчгүй гэж хэлж болно.
- Эх орны хэрэгцээг хангах төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?
- Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын зах зээлд борлуулагдаад 10 гаруй жил болж байна. Харилцагч, худалдан авагчид бол бий. Цаашид бусад орон нутагт хүнсний бөөний нэгж, агентуудаар дамжуулаад нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Борлуулалтын хувьд нийлүүлэгчээр дамжуулах, биднээс шууд худалдан авах, хэдэн хувь нэмж борлуулах эсэх нь харилцагчийн сонголт байдаг.
- Түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүний хадгалалтын хэрхэн зохицуулдаг вэ?
- Манай үйлдвэрлэл үйл ажиллагаа 50 хувь гараар, 50 хувь нь механикжсан. Цаашдаа хүнсийг ямар шат дамжлагаар үйлдвэрлэх ёстой, тэр бүгдийг автоматжуулах ёстой. Манай аймаг жимсээр баян, иргэдээс, аж ахуй нэгжүүдээс худалдан авч бүтэн жилийн нөөцөө бэлтгэж хөлдөөгчинд хадгалдаг. Үхрийн нүд жимс байгальд элбэг биш учраас тариаланчдаа дэмжих үүднээс таримал үхрийн нүдийг худалдаж авдаг. Чацаргана жимсийг мөн ялгаагүй. Бусад жимсээ байгалийн нөөцөөр бүрдүүлж байна.
Зөв технологиор хийгдсэн тохиолдолд жимсэн бүтээгдэхүүн хамгийн сайн хадгалалт даадаг. Битүүмжлэлээ алдаагүй л бол муудах хөгзрөх асуудал гарахгүй, хордлого өгөхгүй.