Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын Хүнс хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (MARFA)-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх гадаадын хамтарсан төсөл хэрэгжүүлэгч Солонгосын хөдөөгийн хөгжлийн корпораци (KRC), Монгол Улсын Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ хамтран “Монгол улсын мал эмнэлгийн чадавхыг сайжруулах, клиник байгуулах” /“Veterinary Medical Capacity Enhancement in Ulaanbaatar, Mongolia”/ төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр гэрээ хийж Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/ гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байгаа билээ.
Энэхүү төсөл нь 4 сая америк долларын санхүүжилттэй, 5 жил /2019-2023/-ийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуульд 2 давхар 950м2 талбай бүхий клиникийн барилга барих, 40 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэх бөгөөд мэргэжлийн боловсон хүчин, судлаачдыг чадавхжуулах дунд, богино хугацааны сургалтуудыг дотоодод болон БНСУ-д зохион байгуулах зэрэг дэд ажил төлөвлөгдсөн байна.
Төлөвлөгдсөн ажлуудын хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд Мал амьтны эмнэлэг барих ажлын эхлэл тавигдаж барилгын шав тавих ёслол боллоо. Мал амьтны эмнэлэг нь дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх бөгөөд судалгаа шинжилгээ хийх багш, судлаачдад БНСУ-ын мал эмнэлгийн нарийн мэргэжлийн профессор багш нар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөх юм.
Мал амьтны эмнэлгийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны яам, ХХААХҮЯ, БНСУ-ын Элчин сайдын яам, Копиа Монгол төв болон бусад төр захиргааны байгууллагуудын төлөөлөгчид уригдан ирж сургалт-судалгаа инновац-үйлдвэрлэлийг хослуулах, ХААИС-ийг шинжлэх ухаан, технологийн цогцолбор байдлаар хөгжүүлэхэд бодлогоор дэмжихээ илэрхийллээ.
Мөн оюутнуудын сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж 25 хүний суудалтай автобусыг төслийн санхүүжилтээр өгөх болсноо мэдэгдлээ.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын мөрийн хөтөлбөр \2016-2020\”, “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичигт тусгагдсан мал, амьтны халдварт өвчний тандалт, оношлогоог шинэ шатанд гаргах, хяналт үйлчилгээний технологид олон улсын стандартыг нэвтрүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна Мал, амьтны эрүүл мэднийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт, “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн “3.5.2. Мал эмнэлгийн клиник болон сургалтын загвар аж ахуй шинээр байгуулж зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадвартай малын эмч бэлтгэх, давтан сургах” гэсэн заалтыг хэрэгжүүлэх, малын их эмч мэргэжлээр суралцаж буй оюутан залууст мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх зэрэгт ач холбогдолтой төсөл юм.
Контент байхгүй