ХААИС-ийн багш нарын Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярыг Агроэкологийн сургуулийн хамт олон зохион байгуулж Хатан туул театрт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хурлыг нээж ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж: “Манай сургуулийг шинэ хичээлийн жилд өнгөрсөн оныхоос 2,4 дахин олон оюутан сонгон элссэн нь бидний хамтын хичээл зүтгэл, энэ салбарын үнэ цэнэ, ирээдүйн хөгжлийг олон нийт танин мэдэж буйн илэрхийлэл юм. Мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 415 багш, судлаач 205 судалгааны төсөл хэрэгжүүлж, төслийн нийт санхүүжилт 45 тэрбумд хүрлээ.Үүний зэрэгцээ судлаач багш нарын олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн чанар чансаа жилээс жилд дээшилж, бүтээлээс авсан ишлэлийн тоо нэмэгджээ. Тухайлбал, Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр IF бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн бүтээлээс эшлэл авсан тоон үзүүлэлтээр доктор Ц.Эрдэнэ-очир (Мал эмнэлгийн сургууль) – 70, профессор Ж.Ундармаа (Мал аж ахуй, биотехнологийн сургууль) – 55, доктор О.Бүрэнжаргал (Агроэкэологийн сургууль) – 11 гэсэн үзүүлэлтээр бусдыгаа манлайлж, дэлхийд танигдсан судлаачид болохоо харууллаа” гэдгийг онцлон хэлсэн юм.
ХААИС өнөөгийн хөгжлийн чиг хандлага, хүрсэн үр дүн, шинэ нөхцөл байдалтай уялдуулан дараах байдлаар шинэчлэн тодорхойлж Авьяас, ур чадварын төвлөрлийг бий болгох, Элбэг хүрэлцэхүйц санхүүгийн нөөцтэй байх, Ур чадвартай, ухаалаг засаглалыг бий болгох зорилт дэвшүүлж, хамтын хичээл зүтгэлээр бий болгосон өмнөх амжилтаа бататган ажиллаж буйгаа илэрхийллээ.
ХААИС жил бүрийн хичээлийн жилд багш нарынхаа хийж бүтээснийг үнэлэх, харилцан туршлага солилцох, үр дүнг түгээх, шинэлэг, бүтээлч санаачилгыг дэмжиж “Шилдэг тэнхим”, “Шилдэг сурган хүмүүжүүлэгч”, “Шилдэг судлаач багш”, “Шилдэг залуу багш” нарыг тодруулан шагнал гардууллаа.
Амжилт бүтээлээ дүгнэсэн, алдраараа бахархсан багш нарын баярын хуралд хөг аялгуу нэмж Ардын жүжигчин А.Долгор, МУСТА Л.Нарангэрэл, Хурд хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр, МУГЖ С.Ганзориг болон Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Энхий дуудлага” үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим уригдан ирж ая дуугаа өргөлөө.
“Шилдэг судлаач багш” Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор Ц.Эрдэнэ-Очир
“Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш” Агро экологийн сургуулийн багш, доктор Т.Байгал-Амар
“Шилдэг залуу багш” Агроэкологийн сургуулийн багш, доктор Ш.Доржпагма
“Шилдэг тэнхим” Мал эмнэлгийн сургуулийн халдварт өвчин судлал, микробиологийн тэнхим