НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт,, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдэл хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоог чухал болохыг сануулах зорилготой юм.
Дэлхийн хүнсний өдрийн энэ жилийн уриа нь Хэнийг ч орхигуулахгүй хөгжих юм. Цар тахал, дайн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үнийн өсөлт зэрэг олон сорилттой нүүр тулж буй энэ үед хэнийг орхигдуулахгүйгээр Илүү сайн үйлдвэрлэл, Илүү сайн шим тэжээл, Илүү сайхан хүрээлэн буй орчин, Илүү сайхан амьдралыг цогцлооход даян дэлхийн эв санааны нэгдлийг уриалж байна.
Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрөөр Монгол Улсад онцолж буй сэдэв бол хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад асар их үүрэг гүйцэтгэдэг хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоо юм. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүдийг онцолж дөрвөн эмэгтэйг НҮБ-ын ХХААБ-аас “Хүнсчин баатар эмэгтэй”-ээр өргөмжилж байна.
Түүнчлэн хүмүүсийн хооллолт, шим тэжээл, эрүүл мэндэд чухал байр суурь эзэлдэг уламжлалт хоол хүнсний ач холбогдлыг Дэлхийн хүнсний өдрөөр тодотгож, НҮБ-ын ХХААБ Монголын үндэсний музейтэй хамтран “Монголын уламлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэнг 10 дугаар сарын 14-өөс 11 дүгээр сарын 14-ний хооронд олон нийтэд хүргэж байна. “Монголын уламлалт идээ, ундааны соёл” үзэсгэлэн нь монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн олон үзмэрийг олон нийтэд толилуулж уламжлалт хоол хүнсний талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, уламжлалт хүнс, хоолны хэрэглээг дэмжих зорилготой. Музейн үзмэрүүд төдийгүй монгол гэрт тавигдах гэрэл зургийн үзэсгэлэнгээр хүнсний үйлдвэрлэл дэх эмэгтэйчүүдийн оролцооны олон өнгө төрхийг үзүүлж байна.
2022 оны Дэлхийн хүнсний өдрийг угтан НҮБ-ын ХХААБ-аас олон нийт, ялангуяа, хүүхдүүд, оюутнууд, залуу судлаачдад чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүнд, “Хүн бүрд эрүүл хоол хүнс хангалттай байж, хэнийг ч ардаа орхиогүй дэлхийг бүтээе” сэдвээр хүүхэд, залуусыг үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхийг дэмжсэн эссэ бичлэгийн болон гар зургийн уралдаан, сарлаг үхрийн аж ахуйн талаар сонирхолтой танилцуулга бүхий олон нийтэд зориулсан цуврал вебинар, оюутан, залуу судлаачдын бүтээлийг хэлэлцэх “Хүнсний аюулгүй байдал-тогтвортой үйлдвэрлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, дунд сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулан уламжлалт хүнс, хоолны тухай тэдгээрийг хэрхэн бэлтгэх талаар танин мэдэхүйн хичээл зэрэг арга хэмжээ явагдаж байна.
Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангахад анхаардаг. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал хөдөлгөөн” үүний тод илрэл билээ.