“Гарааны праймер” ХХК-ийн захирал С.Лхагвасүрэн:
MАНАЙ КОМПАНИЙН АЛСЫН ХАРАА ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ОНОШЛУУР ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХ
- Гарааны праймер ХХК шинэ лабораторио нээсэнд баяр хүргэе. Лабораторио танилцуулна уу?
- Мах, махан бүтээгдэхүүний уураг, өөх, тос, чийгээс эхлээд, хими-биологийн онцлог байдлууд болон хүнсний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг шинжлэх, судлах замаар мах үйлвэрлэгчдэд үндэсний брэнд бүтээгдэхүүн гаргах, хөгжүүлэхэд туслах зорилготой, Махны судалгаа, хөгжүүлэлтийн сорилтын лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
Судалгааны ажилтан болсноосоо хойш мах судалж махны үйлдвэрийн эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн. Энэ хугацаанд монгол мах маш үнэ цэнэтэй, байгалийн ус өвсөөр тэжээгдсэн органик бүтээгдэхүүн гэдгийг мэдэрсэн. Үүнийг батлахын тулд монголын бэлчээрийн малын махны давуу талыг баталгаажуулж хөгжүүлэх хэрэгтэй байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг нь маханд байх ёстой уураг, тослог, чийгнээс гадна монголын бэлчээрийн малын махны давуу тал болох хүний эрүүл мэндийг зохицуулагч кальци, фосфор, магни, омега-3, омега-6 зэрэг үл орлогдох тосны хүчлүүд бэлчээрийн ба хивэгч малын маханд илүү байдгийг гадны болон үндэсний судлаачдын судалгааны үр дүнг баталгаажуулж үнэ цэнэд хүргэх зорилготой юм. Тиймээс лаборатори маань мах үйлдвэрлэгчидтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлтээр хамтран ажиллаж технологи-эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлно.
Лабораторийн сорилтыг ямар төвшинд хийж байгаагаар нь тухайн улс орны хөгжил тодорхойлогддог. Монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргахын тулд хүчин чадал өндөртэй лабораторитой болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар баталгаажуулах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн салбарт хувийн лаборатори цөөн, махын үйлдвэрүүд лабораторитой ч ажлын байр, гарын арчдас, технологийн ус, бүтээгдэхүүн зэрэгт эрүүл ахуйн шинжилгээ хийхээс илүүгээр эцсийн бүтээгдэхүүний химийн бүрэлдэхүүнийг тодорхойлох хэмжээнд ажиллах боловсон хүчин, тоног төхөөрөмж, лабораторийн өдөр тутмын урсгал зардлыг даах санхүүгийн хүчин чадал одоогоор бүрэлдээгүй байна. Иймээс бид махны үйлдвэрүүдэд лабораторийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна
- Лабораторийг магадлан итгэмжүүлэх маш том ажил байдаг?
- Магадлан итгэмжлэгдэхгүйгээр бүтээгдэхүүн сорилт, баталгаажуулалт хийх эрх үүсэхгүй. Итгэмжлэлд орохдоо аливаа шинжилгээг олон давтан хийсэн, мэргэжилтнүүд нь арга зүйгээ эзэмшсэн, тоног төхөөрөмжийн хэмжилт нь Стандарт хэмжил зүйн газраар баталгаажсан байх ёстой. Миний бие 30 шахам жил махны эрүүл ахуйн сорилт, шинжилгээний чиглэлээр судалгаа хийж байна. Одоогоор 5 төрлийн инновацын бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, шинээр 4 бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Лабораторийн сорилт, шинжилгээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдье гэвэл PCR технологийг хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг.
Мөн лабораторийн чанарын удирдлагын менежментийн чиглэлээр 20 шахам жил ажиллаж байна, үүний үр дүнд 30 гаруй сорилтын лаборатори, ур чадварын сорилтын 5 лабораторийн итгэмжлэлийн ажилд тусалсан. Махмаркет, Монтува, Зэргэринтернешнл, Ажигана, Хүн од, Стандарт мах зэрэг үйлдвэрийн лабораторид итгэмжлэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Нүсэр ажил байдаг ч өөрийн туршлага, залуусынхаа зүтгэлээр лабораторио итгэмжлэлд оруулна. Лаборатори бохироосоо цэвэр лүүгээ нэг л урсгалтай байх ёстой гэдэг нөхцөлийг хангахын тулд багагүй хөрөнгө зарж лабораторийнхоо хоёр талд хаалга гаргаж нэг урсгалтай болгоод байна.
- Зах зээл дээр гаргасан инновацын 5 бүтээгдэхүүнээ товч танилцуулна уу?
- 2009 онд Махны аюулгүй байдлын анхан шатны үзүүлэлтүүдийг үзэх магадлан шинжилгээний цомог, 2011 онд сүүний цомог, 2013 онд Махны төрөл, мал амьтны хүйсийг тодорхойлох PCR цомог (Үүгээрээ 2014 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагналыг авсан) 2018 онд Зооноз ба хүнсний халдварыг тодорхойлох PCR цомог гаргасан.
Тухайн үедээ хүмүүс ойлгож хүлээж авахгүй байсан боловч ковидоос хойш PCR оношлогооны үнэ цэнийг ойлгодог боллоо. Манай 21 аймгийн мал эмнэлэг бүгд PCR оношлогооны машинтай болоод удаж байна. Хүн эмнэлгээсээ ч илүү лабораторийн хүчин чадалтай гэж хэлж болно.
Малын эм, долооц зэрэг эрэлттэй бүтээгдэхүүнийг бодоход оношлуурын урвалж бодисууд үнэтэй, ажиллагаа ихтэй, ашиггүй, хэрэглэгч цөөхөнтэй. Гэхдээ ач холбогдол өндөр. Бидний алсын хараа оношлуурын технологиороо тэргүүлэх учраас судалгаа, үйлдвэрлэл, технологийг өндөр хөгжүүлж байж зорилгоо хэрэгжүүлнэ. Манайхыг дэмжин хөрөнгө оруулж байгаа “Сократус студи” ХХК энэ байдлыг маань харж хамтран ажиллах болсон болов уу.
- Лабораторид ямар ямар шинжилгээ хийх вэ?
- Энэ лаборатори үндсэн 2 зорилготой. Оношлуур үйлдвэрлэнэ, мхны үйлдвэрүүдэд үйлчилнэ. Орон нутгийн төвшинд малын эмч нар ашиглах оношлуур, экспортын бүтээгдэхүүнийг баталгаажуулах PCR оношлуур хийнэ. PCR шинжилгээ ДНХ, РНХ дээр суурилдаг, магадлалын хувьд өндөр мэдрэмтгий арга юм. Энэ аргыг нээсэн хүн нь нобелийн шагнал хүртсэн байдаг.
PCR оношлогооны нөү хау-г бид гаргаад, түүхий эдийг нь Монголд үйлдвэрлэх боломжгүй учраас Солонгос, Япон, БНХАУ-д захиалж авч энд угсардаг. Оношлогооны технологиор хамгийн шилдэг нь Япон улс. Япон улсад туршлага судалж явахад өрхийн эмч нь хүүхдийн ам, шулуун гэдэснээс арчдас аваад ямар өвчний үүсгэгч вэ гэдгийг тодорхойлдог onеsite технологийг нэвтрүүлсэн байсан. Тархай сууршьдаг Монгол орны нөхцөлд маш тохиромжтой санагдсан.
- Энэ лаборатори ямар шатны лабораторид хамаарах вэ?
- Тухайн салбарын лабораторийн менежментийн тогтолцоо нь шинжилгээний, сорилтын, эталон, ур чадварын, лавлагаа лаборатори гэсэн шатлалтайгаар хөгжих ёстой. Манайх сорилын лаборатори бөгөөд энэ шатны лабораторийн хариуцлага их өндөр, маргаан таслан шийдвэрлэх шатанд шинжилгээ хийдэг учраас итгэмжлэгдсэн байх шаардлагатай. Анхан шатны шинжилгээ бол итгэмжлэгдэх шаардлагагүй, лабораторийн зохистой дадлыг хэрэгжүүлээд явахад болдог.
- Таны цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
- Компанийнхаа алсын харааг шинжлэх ухаанд суурилсан оношлуур үйлдвэрлэгч компани болох гэж тодорхойлсон. Үүндээ дүйцүүлэн компанийхаа дэргэд Шинжлэх ухааны зөвлөл байгуулах ёстой юм байна. Бүтээгдэхүүний судалгааны үр дүнг Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлээд олон нийтэд танилцуулах нь нэг хүний дүгнэлтээс илүү жинтэй, бодитой болно.
Мөн судалгааны өгүүллийг сэтгүүл зүйн бүтээл болгож хэвлүүлэх хэрэгтэй юм билээ. Германы профессорууд лабораторийн шинжилгээ, судалгааны үр дүнг сэтгүүлзүйтэй хамт хөгжүүлсэн байсан. Тухайлбал, хүнсний халдвар гарлаа гэхэд шат дамжлага бүрээс нь дээж аваад дүгнэлт гаргаж шинжлэх ухааны өгүүлэл бичиж сонин сэтгүүлд хэвлүүлдэг. Ингэж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж өгснөөрөө хоосон сурталчилгаанаас илүү итгэл үнэмшилтэй, судалгаанд суурилсан сурталчилгаа болж өгдөг. Энэ тал дээр “Монголын хөдөө” сонинтой хамтарч ажиллах саналтай байна. Би одоогоор махны үйлдвэрүүдэд зөвлөх үйлчигээ үзүүлдэг. Тухайлбал, Хүн-Од ХХК сүүлний тосыг шарах, буцалгах, жигнэх зэрэг хэд хэдэн аргаар гарган авч ашигтай бодисын чанарыг нь алдагдуулахгүйгээр хүнс, гоо сайхны түүхий эд болгон ашиглаж байна.
Орон нутгийн малын эмч нар термостат, микроскоф, автоклавгүй хээрийн нөхцөлд ашиглаж болохуйц оношлуур бүтээж өгөөч гэсэн санал тавьсан. Энэ нь тийм ч амар биш. Гэхдээ Японы onsite технологийг монголд нэвтрүүлэх, ялангуяа хүнсний аюулгүй байдлын шинжилгээг хийхэд хугацаа их ордог учир хурдавчилсан тестийн технологийг хөгжүүлэх шаардлагатай байна. Эхлэлийг нь тавьсан байхад залуучууд цааш нь хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.