Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран Шинжлэх ухаан, технологи, инноавцыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяныг 21 аймагт зохион байгуулж байгаа билээ. Энэ аяныг Орхон аймаг, Эрдэнэт хот улам өргөтгөн цахим шилжилт, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах, гарааны компани, инновац, технологи, судалгаа, шинжилгээний талаар мэдээлэл өгөх, сурталчлах зорилгоор “It, business & innovation days-Erdenet-2022” арга хэмжээг гуравдугаар сарын 12, 13-нд Эрдэнэт хотноо “Уурхайчин” соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ерөнхий зохион байгуулагчаар “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн парк, хамтран зохион байгуулагчаар Орхон аймгийн ЗДТГ, БШУЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, GIZ олон улсын байгууллага ажиллалаа.
“It, business & innovation days-Erdenet-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд
- Эрдэнэт ШУТП ОНӨААТҮГ-ын Бизнес инкубатор-1 барилгын нээлтийн үйл ажиллагаа
- “Цахим шилжилт мэдээллийн технологи” хэлэлцүүлэг
- Мэдээллийн технологи, инновацын үзэсгэлэн
- Инновац, технологийн салбарын хамтын ажиллагаа хэлэлцүүлэг
- Хакатон- старт ап менторшип, нетворкинг, инвестор, сонгон шалгаруулалт
- “Бизнес саммит” арга хэмжээ
- “Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд мэдээллийн технологи бизнесийн хөгжил инновацын нөлөө” уулзалт зэрэг үндсэн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Эдгээр арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцогчдод
- Эрдэмтэн судлаачдын Эрдэнэт хот цахимд суурилан хөгжих боломжийн талаар судалгаанд суурилсан оновчтой шийдлүүд
- Амжилттай бизнес эрхлэгчид, менторуудын инновац, технологийг бизнестээ нэвтрүүлснээр бий болох өгөөж
- Зэв, Виртуал Хархорум зэрэг виртуал музейгээр аялж, төсөөллийн ертөнцөөс бодит мэдрэмж авах
-Бизнестээ хэрхэн хөрөнгө оруулалт татах, бизнес оношилгоо хийх, гарааны бизнесийн туршлага, VR технологи, бизнестээ инновац хэрхэн шингээх талаар сонирхолтой илтгэл, мэдээлэлтай танилцах
- Эрүүл мэнд, мал аж ахуй, газар тариалан зэрэг бидний хөгжлийн түүчээлэгч салбаруудын инновацын бүтээгдэхүүний дээжтэй танилцах боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлог байлаа.
Орхон аймаг өнгөрсөн онд “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг баталсан бөгөөд хөтөлбөрийн суурь болгож мэдээлийн өндөр хурдны интернэтийн хүртээмж, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан “Старт Эрдэнэт” төслийг газар зүйн систем, вэб аппликэйшн хосолсон маш хялбар, өдөр тутмын хэрэглээнд нь нийцсэн аппликэйшн нэвтрүүлсэнээр иргэд автобус, унаа, худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо гээд бүгдийг нь шийдэх боломжтой болно. Энэ апп нь үнэ төлбөргүй, дата, сүлжээ харгалзахгүйгээр тогтмол нээлттэй ажилладаг байх шийдэлтэй хийгдэж байгаа бөгөөд харилцаа холбооны салбарт том дэвшлийг авчирна. буй.
“It, business & innovation days-Erdenet-2022” нэгдсэн арга хэмжээнд БШУЯ, ШУА, ШУТС, ШУТИС, МУИС, ХААИС, АШУИҮИС, МҮИС, Санхүү эдийн засгийн их сургууль, Мэдээл технологийн үндэсний парк болон бусад төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж гэсэн 40 гаруй байгууллага оролцож мэдээллийн технологи инновац, бизнесийн чиглэлээр 20 илтгэл, хэрэгжиж эхлүүлсэн 10 төсөл, Эрдэнэт хотод инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдүүлэх боломжтой, хамтран ажиллах 20 байгууллагын санал, төсөл танилцуулагдлаа.
Улсын хэмжээнд эдийн засгийн хүндрэлээс гаргах “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурласан цахим шилжилт, инновац, технологи бизнесийн салбарын хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын томоохон бодлого зорилтууд, хэрэгжүүлэх чухал цаг үед мэдээллийн технологи, инновац, судалгааны чиглэлийн шилдэг бүтээл технолгиудтай танилцсан иргэд, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарлаа. Бизнес санааг богино хугацааны хөтөлбөр буюу хурдасгуураар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татах “Хакатон” уралдааны үр дүнд Орхон аймгийн засаг даргын дэргэд их дээд сургуулиудын зөвлөл байгуулахаар боллоо. Мөн их дээд сургуулиуд, ШУА, ШУТС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Орон нутгийн зүгээс хувийн хэвшилтэй хамтран гудамж талбайн гэрэлтүүлэг, эрчим хүчний өндөр хэмнэлтэй ухаалаг удирдлагын системийг нэвтрүүлэхэд шаардлагатай судалгааг хийх, Эрдэнэт хотыг ухаалаг хот болгох орон зайн мэдээллийн суурь бэлтгэх ажлын судалгааг эхлүүлэхээр боллоо.
Бүтээлч ирээдүйг бий болгох зорилгоор Шимт боловсролыг ирэх оноос хөгжүүлэхээр бэлтгэж энэ жилдээ багшлах боловсон хүчнээ сургаж ирэх оноос 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болсон нь технологийн хотын суурийг улам өргөжүүлэх залгамж халаагаа бэлтгэж буй хэрэг юм.
- “It, business& innovation days- Erdenet -2022” арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулж улмаар өргөжүүлэн олон улсын хэмжээнд ОХУ, БНХАУ, бусад хөгжингүй орнуудын их дээд сургуулиудыг оролцуулж нээлттэйгээр зохион байгуулах боломжийг эрэлхийлэх,
- Хамтын ажиллагааны санамж бичгүүдийн үг бүр ирээдүйн технологийн хотыг бий болгоход чиглэж БШУЯ, ШУТС, ШУТП дээр 1-2 төслийг бойжуулахад хамтран ажиллахаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
Ийнхүү Эрдэнэт хотын мэдээллийн технологи, боловсрол, бизнес эрхлэгчид, гарааны бизнес, цахим шилжилт, инновацыг нэгтгэсэн “It, business& innovation days- Erdenet -2022” арга хэмжээ өргөн хүрээнд амжилттай боллоо.
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХААИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Тус санамж бичгийн хүрээнд ХААИС-ийн багш, судлаачид Орхон аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны шинэ санал санаачилга гарган ажиллахад нээлттэй болж байгаа юм.
“ЦАХИМ ШИЛЖИЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“It, business & innovation days - Erdenet-2022” арга хэмжээний “Цахим шилжилт, мэдээллийн технологи” хэлэлцүүлэгт БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох оролцож, “БШУЯ-ны салбарын бодлого, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Шинжлэх ухаан, технологийн салбарын гол хөдөлгөгч хүч нь хүний нөөц юм. Тиймээс бид энэ чиглэлд ажиллах эрдэмтэн багш нараа дэмжих, гадаадад тархан суурьшсан өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг эх орондоо авчрахад бодлогын түвшинд анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо. Мөн Шинжлэх ухааны академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаа орон нутагтай хамтран ажиллах боломж, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Г.Гантулгын “Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, тулгамдсан асуудал, шийдэл”, МУИС-ийн профессор Ч.Сономдагвын “Хүрээлэн буй орчны хяналтыг дижитал технологи, онлайн платформ ашиглан хянах боломж”, АШУҮИС-ийн доктор Р.Оюунгэрэлийн “Халдварт өвчний оношилгоонд хиймэл оюун ухааны технологи хэрэглээ”, “Эрксис инк” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Б.Нарангийн “Технологид суурилсан гарааны бизнесийг амжилттай удирдах нь” ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Д.Золзаяагийн “Эрдэнэт Bus-Нийтийн тээврийн зорчилтын маршрут төлөвлөлтийн систем”, ахлах багш, доктор Э.Бат-Эрдэнийн “Эрдэнэт үйлдвэрийн ган бөөрөнцгийн цехэд хуримтлагдсан давирхайг ашиглах боломж” илтгэл хэлэлцэгдсэн бол дараагийн хэлэлцүүлэг “Инновац, технологийн салбарын хамтын ажиллагаа” сэдвээр бага танхимд үргэлжилж “Цахим Эрдэнэт” хөтөлбөр, мастер төлөвлөгөөний танилцуулга, БШУЯ-ны салбарын бодлого, аж үйлдвэрийн IV хувьсгал, “Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа”, “Дэлхийн хамгийн анхны метаверс хот”, “ШУТИС-Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг химийн технологийн чиглэлд хөгжүүлэх боломжууд” илтгэлүүд хэлэлцэгдлээ.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛЛЭЭ
“It, business& innovation days- Erdenet -2022”-ийн Мэдээллийн технологийн үзэсгэлэнд ЕБС-ийн багш, сурагчид, бизнес эрхлэгчид, ААН, компаниуд, их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бүтээл, технологийн шийдэл, инновацын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж дэлгэж сонирхууллаа. ХААИС Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн бүрэлдэхүүнтэйгээр эрдэмтэн судлаач, багш нарын судалгаа шинжилгээний бүтээл, инновацын бүтээгдэхүүнээр оролцсон юм.
Мэдээллийн технологийн үзэсгэлэнд
• Виртуал Хархорум
• Зэв дижитал музей
• MicroLion, Шоо цуглуулагч сургалтын робот
• Автомат сум харвагч робот (Robocon 2021)
• Нийтийн тээврийн маршрут төлөвлөлтийн систем
• Салхин энерги хуримтлуулагч
• RTS видео аналитик системийн ухаалаг шийдэл CNC машин
• Үйлдвэрлэлийн робот /Бөмбөг шидэгч робот /Humaniod робот/
• Aquametrix-Цахим худаг төсөл
• Dronex - Хүргэлтийн үйлчилгээ төсөл
• Dron EVM – Цахилгаан машин цэнэглэгч төсөл
• Цэнэглэх төхөөрөмж Bionics
• Бионик гар төсөл зэрэг технологийн, болон инновацын олон шилдэг бүтээл танилцуулагдлаа.
Үзэсгэлэнгийн хамгийн урт дараалал үүсгэж байсан бүтээгдэхүүн бол VR технологид суурилсан контент хөгжүүлдэг UPTECH компанийн “Виртуал өв соёл” төсөл байлаа. VR толгойн өмсгөл зүүлгэн монгол орны үзэсгэлэнт газруудыг орчинд нь байгаа мэтээр үзүүлсэн нь хүүхэд хөгшидгүй ингэж дараалалд зогсоход хүргэжээ. “Виртуал өв соёл” төсөл Монгол орны 21 аймгийн үзэсгэлэнт газрууд, музей, соёлын өвүүдийг виртуалаар хадгалж авч үлдэх, түгээх зорилготой юм. UPTECH компани ЕБС-ийн сурагчдад шинжлэх ухааны суурь хичээл хими, физик, биологийн хичээлийг номоос бус VR технологит суурилсан шил зүүн тухайн орчинд байгаа мэт мэдрэмж авах боломжтой “Виртуал боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ХАКАТОН УРАЛДААН ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТӨСЛҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
“It, business & innovation days - Erdenet-2022” арга хэмжээний хүрээнд орон нутагт анх удаа 30 сая төгрөгийн шагналын сантай, мэдээллийн технологийн гарааны бизнесийг хөгжүүлэх, тэдний шинэ санал санаачлагыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой Хакатон уралдаан “Мэдээллийн технологийн старт ап”, “Хотын шинэлэг сервис, үйлчилгээний старт ап” гэсэн сэдвийн хүрээнд 12 баг оролцож баг бүр төслөө 3 минутад танилцуулж, 2 минутад шүүгчдийн асуултад хариуллаа.
Танилцуулагдсан 12 төслөөс шилдгийн шилдэг 3 төслөөр Б.Мөнхболд ахлагтай багийн “Дусал эрчим хүч” дугуй жийж жингээ хасаж, цахилгаан эрчим хүч ялгаруулах төсөл, Э.Дандар ахлагч багийн “Bubble Laundry” өөртөө үйлчлэх угаалгын газрын төсөл, Л.Чимэддорж ахлагчтай багийн “Derged” цахим худалдааны аппликейшн шалгарч тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг авахаар боллоо.
Ай Си Ти ХХК “E-Erdenet24”, “Buble landry”, “Дусал эрчим хүч” төслийг дэмжиж ажиллахаа, Мобиком групп “Ухаалаг удирдлагын систем” төсөлд тестийн тоног төхөөрөмж, дата сим, сүлжээнд холбогдох тал дээр дэмжлэг үзүүлэх, “E-Еrdenet24” цахим худалдааны системийн хостыг байрлуулах зардлыг Аzure дээр 3-6 сар, “Derged” аппликейшны хостыг орлого олдог болтолоо үнэгүй байрлуулах эрхээр, “Ораметалл” ХХК “Эрдэнэт явган аялал” төсөл, “Free magic center” хүүхдийн хөгжлийн төсөл тус бүр 2 сая төгрөг, “E-Erdenet24” төсөлтэй нарийн танилцаж тодорхой хувьцаа эзэмшээд, томоохон хөрөнгө оруулах, Мэдээллийн технологийн үндэсний парк “Free magic” хүүхдийн хөгжлийн төсөлд паркийн виртуал инкубаторт 6 сараас 1 жилийн хугацаанд арга хэмжээ, өрөө тасалгаанд үнэ төлбөргүй байрлах, паркийн дижитал маркетингийн 2 сургалтад үнэгүй хамрагдах, “Bee” төслийг виртуалд зөвлөгөө авах, хурдасгуур нь болж хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, оролцсон бүх стартап тодорхой хөрөнгө оруулалт авч чадсан үр дүнтэй Хакатон болж өндөрлөлөө.