Дэлхийн олон оронд тэмдэглэг өнгөрүүлдэг "Инновацын 7 хоног" арга хэмжээг Монгол Улс 9 дэх жилдээ 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд амжилттай тэмдэглэн олон арван ажлыг амжилттай зохион байгуулж хаалтын үйл ажиллагаагаар долоо хоногийн ажлын үр дүнгээ танилцууллаа. Хаалтын үйл ажиллагаанд хариуцан зохион байгуулагч болон хамтран зохион байгуулагч талуудын удирдлагууд мөн Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Амгалан оролцлоо.
Энэ жилийн арга хэмжээ “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацын талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхыг бүрдүүлэх замаар тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө. Монголын инновацын 7 хоногийн хүрээнд:
- “Шинэ сэргэлтийн инновац-2022” үзэсгэлэн
- Инновацын гудамж
- “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал
- “Инновацын түншлэл” хэлэлцүүлэг
- “Best Paper Awards-2022” Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал
- “Гавал толгой” оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан
- Залуу судлаачдын “Эрдэм Хакатон” уралдаан
- “Инновацлаг ЖДҮ”
- “Gateway forum 2022”
- “Innonight” арга хэмжээ
- Хөдөө аж ахуйн салбар дахь инноваци ба хөрөнгө оруулалт уулзалт, хэлэлцүүлэг
- Хөдөө аж ахуйн түншлэл хөрөнгө оруулалтын санамж бичиг зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.
Хаалтын ажиллагаагаар “Best Paper Awards”, “Эрдэм хакатон” “Гавал толгой” шагналтнууд, шилдгүүд салбарын сайдаас шагналаа гардан авлаа. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт үр дүнтэй ажилласан албан хаагч нар Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “2023 он хүртэлх 365 хоног өдөр бүр инновацлаг, дижиталчлагдсан байж, инновацын бүтээл нь инновацын хөндийг дүүргэтэл арвин байг” хэмээн ерөөж эрдэмтэн, судлаачдад баяр хүргээд, бид гавал толгойтнуудаа ашиглаж, хөгжүүлж үндэсний инновацын тогтолцоог бий болгох ёстой. Инновац бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон ийм үед Монголыг инновацын хөндий болгох учиртай гэдгийг залуустаа хандан уриаллаа.