Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Арьс ширний сургалт, судалгаа инновацын төв байгуулах төсөл” /Establishment of Leather Hubs in Russia and Mongolia/ 2019-2022 онд хэрэгжинэ.
Тус төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийг түшиглэн, Захирлын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 тушаалаар байгуулагдсан “Арьс шир судлалын сургалт, судалгаа ба инновацын LEATHUB төв” болон “Арьс ширний чанарын шинжилгээний лаборатори”-ийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Төслийн санхүүжилтээр арьс ширний ус нэвтрүүлэлтийг тодорхойлох, арьсны хучих будгийн олон нугаралт тэсвэрлэлтийг хүйтэнд тодорхойлох (хөлдөөгчтэй), арьсны будгийн тогтворыг үрэлтээр шалгах, усны уур шингээлтийг тодорхойлох, арьсны агшилтын температур тодорхойлох, арьс ширний зузаан хэмжигч, тос нэрэгч аппарат, pH тодорхойлох болон туршилтын барабан зэрэг багаж төхөөрөмжийг гэрээний дагуу худалдан авч ХААИС дээр суурилуулсан байна. Дээрх багажуудын ажиллах зарчим болон шинжилгээний аргын стандартуудыг орчуулж, баталгаажуулах, их сургуулийн багш, лаборантуудад арга зүй эзэмших сургалтыг зохион байгуулж, сургалт, судалгаанд ашиглахад бэлэн болжээ.
Төв болон лабораторийн нээлтэд ХААИС-ийн удирдлагууд, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд болон арьс ширний чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн судлаачид уригдан оролцлоо.
LEATHUB төв нь арьс, ширний боловсруулалт, технологийн чиглэлээр дараах чиг, үүргийг хэрэгжүүлж ажиллана:
• Насан туршийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр хөгжүүлэх
• Сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах
• Судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэлтийг дэмжих
• Европын холбооны орнуудын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, дэвшилтэт технологи, дахин инженерчлэл, инновац, мэдлэгийг дамжуулах
• Бүс нутгийн өртгийн сүлжээ бий болгох ажлыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, технологи дамжуулах
• Орон нутгийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг зохицуулагч глобал өртгийн сүлжээг бий болгох ажлыг дэмжих
• LEATHUB төвөөр дамжуулан Европын орнуудын түншлэгчдээс туршлагыг нэвтрүүлэх ажлыг зайн болон ганцаарчилсан сургалтын аргаар хэрэгжүүлж, Европын орнуудын эрдэмтэн, судлаачдын инновац, бизнесийн туршлага мэдээллийн сан, веб платформ ажиллуулна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ХААИС-ийн Арьс ширний сургалт, судалгаа, инновацын төв болон Монголын Хөдөө аж ахуйн бирж, мах боловсруулах “Цалуут” ХХК, арьс ширэн түүхий эд бэлтгэлийн “Торгон шир” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, арьс ширний бэлтгэлийн технологи хөгжүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Ингэснээр монгол малын өвөрмөц шинж чанартай арьс, ширэн бүтээгдэхүүнийг Европын холбооны орнуудад гаргах улмаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.
LEATHUB төслийн үндсэн үр дүнд ОХУ, Монгол улсын дөрвөн их сургуульд сургалт, инновацын төв байгуулагдана. Эдгээр төвөөр дамжуулан арьс ширний үйлдвэрүүдэд чиглэсэн сургалтын үйлчилгээ үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд их, дээд сургуулиийн зүгээс тэдний эрэлт шаардлагад нийцсэн судалгаа, боловсруулалтын ажлыг нэвтрүүлэх, дэмжлэг үзүүлэх юм. Тэр дундаа коллаген агуулсан хаягдлыг дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа хийж, нэвтрүүлэхэд чиглэнэ. Төвүүд нь Европын Холбоо, Орос, Монголын хамтын ажиллагааны үндсэн дээр арьс ширний үйлдвэрлэлд тулгамдсан асуудлуудыг шийдэх болно.
Түүнчлэн, дээр дурдсан бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд байгуулагдсан төвүүд нь Орос, Монгол, Европын холбооны улсуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй баримт бичиг, орчин үеийн аналитик болон шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангагдах болно. Эдгээр төв нь арьс ширний үйлдвэрлэлийн технологийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Европын Холбооны түншүүд, мөн ОХУ-ын арьс шир, гутлын үйлдвэрийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоод нь төвүүдийг байгуулах, тэдний ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөд туслалцаа үзүүлэх болно.
ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
Төслийн зорилго нь их дээд сургууль ба арьс ширний үйлдвэрүүдүүдийн хооронд гүүр болж, хамтарсан сургалт, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг өргөжүүлэх замаар үйлдвэр эрхлэгчдийг инновацыг эрэлхийлэгч болгох зорилготой юм. Нэмүү өртгийн сүлжээг бий болгоход инновацыг эрэлхийлэгч нь шийдлийг эрэлхийлдэг байх юм.
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА