Мал аж ахуйн эрдэм
шинжилгээний хүрээлэн,
магистрант Б.Нурмухамет
Mukhammed9510@gmail.com
Манай улсад 2021 оны байдлаар 67.3 сая мал тоологдсон бөгөөд ямаа 26.4 сая буюу нийт мал сүргийн 39.2 хувийг эзэлж байна. 2021 оны байдлаар 20.3 сая төл бойжуулсанас 7.5 сая ишиг байжээ. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйгаас бэлтгэх сүүний нөөцийн хэмжээ 2021 оны гүйцэтгэлээр 1021.2 мянган тонн байжээ. Нийт бэлтгэж буй сүүний 18.2 хувийг ямааны сүүний үйлдвэрлэл эзэлж бана.
Ямааны сүү нь кальц, фосфор кобальт болон А, В, С, Д амин дэмээр баялаг, амин хүчлүүдийн найрлагаараа хүний сүүтэй ойролцоо, сүүн дэх тосны бөмбөлөг бусад амьтдын сүүтэй харьцуулахад жижиг учир ходоод гэдсэнд амархан боловсорч шингэдэг тул сувиллын чанартай. Монгол улсад ямааны сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Франц улсаас сүүний чиглэлийн “Альпин” үүлдрийн ямааг оруулж ирж үржүүлж байна. Альпин үүлдрийн нас бие гүйцсэн эм ямаа дунджаар 60-65 кг амьдын жинтэй, 1 л сүүнд агуулагдах тослог 3.7%, уураг 3.2% , саалийн хугацаанд 300-500 л сүүний гарцтай байна.
Биотехнологийн шинжлэх ухаан нь харьцангуй сүүлд үүсэж хөгжсөн бөгөөд уг шинжлэх ухааныг хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйд өргөн хэрэглэснээр малын үүлдэрлэг байдал, биологи аж ахуйн ашигт чанарыг богино хугацаанд сайжруулан удам зүйн хувьд гойд ашиг шимт малын тоо толгойг богино хугацаанд нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр тэдни й хүнсний хэрэгцээг хангах нь чухал асуудал болоод байна. Иймээс дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн амын хүнсний хэрэгцээний гол эх үүсвэрийн нэг болох өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн малын тоог нэмэгдүүлэх нэн шаардлагатай болж байна. Иймд өндөр ашиг шимтэй мал, амьтны үр төлийг богино хугацаанд өсгөн үржүүлэх гол арга зам нь малын хөврөл шилжүүлэн суулгах ажил юм.
Бид энэхүү судалгааны ажлын хүрээнд орчин үеийн дэвшилтэт арга технологийг ашиглан сүүний чиглэлийн альпин үүлдрийн ямааны үр хөврөлийн сан бий болгож, арчилгаа, маллагааны ердийн нөхцөлд байсан дундаас дээш тарга хүчтэй, эрүүл чийрэг бие цогцостой, өвчин эмгэггүй 50 толгой монгол ямааг тээгчээр сонгон авч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилт судалгааны биварт байран маллагаанд байлгав.
ТЭЭГЧ ЯМААНЫ ОРОО ЖИГДРЭЛТИЙН ҮР ДҮН
Хөврөл шилжүүлэн суулгах ажлын эцсийн үр дүн донор болон тээгч ямааны орооны жигдрэлтээс хамаарах бөгөөд ер нь тээгчийн ороог донорынхтой сайн жигдрүүлж шилжүүлэн суулгасан хөврөлийн хэвийн хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх явдал чухал ажилбарын нэг байдаг.
Үр авах, хөврөл угаах, үнэлэх, гүн хөлдөөх, хадгалах, шилжүүлэн суулгах ажлыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилт судалгааны бааз болон Мал эмнэлгийн сургуулийн Нөхөн үржихүйн биотехнологийн лабораторийг түшиглэн 2021 оны 11 дүгээр сард нийт 50 ямаанд хийж гүйцэтгэв. Хөврөл шилжүүлэн суулгах ажлын үр дүнд гол нөлөөлөх зүйлсийн нэг бол ороо жигдрүүлэх явдал юм. Иймд бид туршилтад хамрагдсан ямаанд PGF+PGF гэсэн арга зүйн дагуу ороо жигдрүүлэхэд идэвх 72 хувьтай (36) байв.
Гүн хөлдөөж хадгалсан 10 хөврөлийг биеийн гадна орчинд (39oC инкубаторт) өсгөвөрлөж амилалтын туршилтыг гүйцэтгэв. 10 хөврөлийг тэжээлт орчны уусмалд хийж 24 цаг өсгөвөрлөхөд амилалт 70%, бластоцистийн хөгжил 85.7% хөгжиж байв. Үүнээс хөврөлийг гүн хөлдөөж хадгалсан арга технологи стандарт шаардлагад бүрэн нийцсэн болох нь харагдаж байна. Өсгөвөрлөх уусмалд (BO-IVC bioscience LLC) хийж 48 цаг 5% CO2, 5% O2 болон 90% N2 агуулсан 39oC инкубаторт 48 цаг өсгөвөрлөж хөврөлийн амилалтыг үнэлэв.
Үр хөврөл суулгах эх ямааг мэс заслын орон дээр байрлуулан бэхэлж ерөнхий эмжүүлэлт хийнэ (Зайлазин). Байрлуулсан эх ямааны хэвлийн хөндийг нээж хөврөлийг мэс заслыг аргаар савны эвэрт шилжүүлэн суулгана. Ингэхдээ тээгч ямааны дэлэнгийн хэсгээс 10 см орчим урагш, хэвлийн цагаан шугамын аль нэг талд хэвлийн ханыг 5-8 см орчим зүсэж нээн түүгээрээ савны эврийг гаргаж ирнэ. Шар бием хөгжсөн талын эврийг тодорхойлж тэр эвэрт гуурсанд соруулсан хөврөлийг шахан оруулна. Эврийг буцаан оруулж шархыг оёно. Энэ аргаар нийт 32 тээгч ямаанд шилжүүлэн суулгаж 30 хоногийн дараа (Honda electronics, HS-1600V) машиныг ашиглан хээлийг тодорхойлсон.
Дээрх хүснэгтнээс харахад хөврөл шилжүүлэн суулгасан нийт 30 тээгч ямаанаас хээл авсан 14 ямаа буюу хээл авалт нь 46.6 хувьтай байна. Бидний туршилт судалгаанд хамрагдаж хээл авсан тээгч эх (эм ямаа)-ээс 11 нь ишиглэснээс 4 ямаа ихэрлэж нийт 15 ишиг хүлээж авлаа.
Ямааны аж ахуйд хөврөл шилжүүлэн суулгах аргыг хэрэглэснээр удамшлын өндөр чадавхтай, арвин ашиг шимтэй үржлийн нэг ямаанаас бэлгийн нэг мөчлөгийн хугацаанд дунджаар 5-6 ишиг авах боломжтой. Ингэснээр нэг үе солигдох хугацааг богиносгон улмаар селекцийн үр ашгийг 2-3 дахин нэмэгдүүлж гойд ашиг шимтэй ямааны шинэ удам бүл гаргах, удамшлын үнэт чанарыг хувилан олшруулж, нийт сүргийн түгээмэл шинж болгох боломжтой.