Эдийн засгийн ухааны доктор, академич А.Бакей
Хүнсний тогтолцооны тухай ойлголт. Дэлхийн аль ч улсад хүнсний асуудал цаг ямагт төр засгийн анхаарлын төвд байсаар ирсэн билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр энэ оны намар НҮБ-ын Хүнсний тогтолцооны асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт хуралдах гэж байна. Уг чуулга уулзалтыг угтаж, Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд үндэсний хүнсний тогтвортой тогтолцоогоо бүрдүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор бүсийн, хараат бус болон үндэсний хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна.
Хүнсний тогтолцоо нь зөвхөн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг багтаасан явцуу асуудал биш бөгөөд хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, худалдаа, экспорт, импорт, эцсийн хэрэглээ зэрэг хүнсний нэмүү өртгийн сүлжээний бүх үе шатан дахь оролцогч талууд, тэдний хөдөлмөр эрхлэлт, зохицуулалтын бодлого, хууль тогтоомж, чанар, стандарт, хүн амын амьжиргаа, хүний эрүүл мэнд, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг багтаадаг билээ.
Хүнсний тогтолцоо нь хүн амыг шаардлагатай хоол хүнсээр хангах боломжийг бүрдүүлэхэд оролцдог бүх хүнийг, бүх оролцогчийг, мөн харилцан уялдаатай үйл ажиллагаануудыг өөртөө багтаадаг.
Хүнсний тогтолцоонд хүнсний бүтээгдэхүүнийг ургуулах (өсгөн үржүүлэх), хураалт, савлалт, боловсруулалт, түгээлт, худалдаа, хадгалалт, сурталчилгаа, хэрэглээ, хаягдал зэрэг бүх үе шатны асуудал орно.
Хүнсний тогтолцоо нь олон тооны харилцан уялдаатай, эргэх холбоо бүхий сүлжээнээс бүрддэг бөгөөд үүнд хүнсний системийн талаар харилцан адилгүй үзэл бодолтой олон оролцогч тал оролцдог онцлогтой билээ.
Хүнсний тогтолцооны эцсийн зорилго нь аюулгүй, эрүүл, чанартай хүнсээр хүн амыг хүртээмжтэй, тогтвортой хангахад оршино. Иймд бид хүнсний тогтолцооны суурь нөхцөл болох эдийн засаг, нийгэм, соёлын, байгаль орчны болон засаглалын хүчин зүйлс, тэдгээрийн шүтэлцээг нягт уялдаа холбоотой, цогц байдлаар авч үзэж байж амжилтад хүрнэ.
Хүнсний тогтолцооны орцын хүчин зүйлсэд дээр дурдсан суурь нөхцөлтэй холбоотой 1) байгалийн нөөцийг ариг гамтай ашиглах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл эрхэлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох; 2) хүнсний үйлдвэрлэлээ дотоод, гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээ, стандартын шаардлагад нийцүүлэн хүнсээр хүртээмжтэй хангах; 3) хүнсний хэрэглээнд хэрэглэгчдийн ухаалаг хандлагыг зөв төлөвшүүлэх; 4) хүнсний тогтвортой тогтолцооны хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх асуудлууд багтана.
Хүнсний тогтолцооны гарцын хүчин зүйлсэд хүнсний үйлдвэрлэлээ байгалийн даацад нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх замаар хүнсний салбарын эдийн засгийн өсөлтийг хангах, эдгээрт тулгуурлан хүнсний баталгаат байдлыг бүрдүүлэх асуудлууд орно. Эдгээр асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж чадсан нөхцөлд хүнсний тогтвортой үйлдвэрлэл явуулж, хүн амын хүртээмжтэй хэрэглээг төлөвшүүлэх боломж бүрдэнэ.
Бүх нийтийг аюулгүй, шим тэжээлтэй хоол хүнсээр хүртээмжтэй хангах нь зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал биш, бусад олон хүрээн дэх хүчин чармайлттай, түүний дотор хувийн хэвшлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хүн амын амьжиргааг дээшлүүлэх, мөн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, жендерийн тэгш байдал, засаглал, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарын үйл ажиллагаатай нягт уялдаатай асуудал юм. Иймд төрийн зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хүнсний нэгдмэл тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хандлагыг баримтлах нь чухал байна.
Хүнсний тогтолцооны хэлэлцүүлэг. Монгол Улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг НҮБ-ын гишүүн бусад орны хамт 2015 онд баталж, тогтвортой хөгжлийг хангах эрмэлзлээ тунхагласан билээ. Зорилтуудыг хэрэгжүүлэх хугацаа дуусахад 10 хүрэхгүй жил үлдээд байгаа ч олон зорилтыг, ялангуяа хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох зорилтыг хангаж хараахан чадаагүй байна. Монгол Улс хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг чанарыг сайжруулах, хүнсний тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихийн төлөө хүчин чармайлт гаргаж байна.
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зорилтууд тодорхой тусгагдсан бөгөөд уг зорилтуудыг хэрэгжүүлэх талаар зохих амжилтад хүрсэн байна. Тухайлбал, Монгол Улс хүн амынхаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээр хангах төвшнөө ахиулсныг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын хүнсний тогтолцоонд тулгамдсан асуудал, хүндрэл, эрсдэл багагүй байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм. Үүний зэрэгцээ Ковид-19 цар тахлын дэгдэлтээс улбаатай хүчин зүйлс манай хүнсний тогтолцооны эмзэг байдлыг улам нэмэгдүүлэх хандлагатай байна.
Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хамтран тус улсын хүнсний тогтолцооны хэлэлцүүлгийг эхлээд бүс нутгийд төвшинд зохион байгууллаа. Бүс нутгийн 6 хэлэлцүүлгээс гадна хувийн хэвшлийн, залуучуудын, иргэний нийгмийн оролцоотой төрөлжсөн хэлэлцүүлгүүдийг холбогдох олон улсын болон үндэсний байгууллагуудтай хамран зохион байгуулав. Бүс нутийн болон хараат бус хэлэлцүүлгээр аймаг, орон нутгийн хүнсний тогтолцооны өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирэх 10 жилд хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэхийн тулд юу хийх шаардлагатай, үүнээс ойрын 3-5 жилд юу хийж чадах уу, санал болгож буй зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд оролцогч талууд хэрхэн харилцан ашигтай түншлэн ажиллах вэ гэдэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчдын дунд харилцан яриа өрнүүлж, урьдчилсан байдлаар тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх зөвлөмж боловсруулаад байна. Удахгүй үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Сэдэвчилсэн хэлэлцүүлгийг дараах үндсэн 3 сэдвийн хүрээнд тодорхой асуултуудын дагуу зохион байгуулжээ. Үүнд,
I.Аюулгүй, тэжээллэг хоол хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих
II.Зах зээл ба амьжиргааны тэгш байдлыг нэмэгдүүлэх асуудал
III. Байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эмзэг байдал, цочрол, дарамтад тэсвэртэй байдлыг бий болгох
Нийтлэг тулгамдсан асуудал. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс анхааруулсан манай орны хүнсний тогтолцоо дахь нийтлэг тулгамдсан асуудлыг дурдвал: 1) хүнсний тогтолцооны нэгдсэн бодлого, эрх зүйн орчин харьцангуй сул; 2) хүнсний хүртээмж, аюулгүй байдал, шим тэжээлийн баталгаат байдал бүрэн хангагдаагүй; 3) үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хангалтгүй; 4) малчид, тариаланчдын амьжиргаа байгаль цаг уураас хамааралтай, эмзэг хэвээр байна; 5) хүнсний бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар хангалттай бус; 6) хүн амын эмзэг хэсэг, бүлгийнхний хүнсний аюулгүй байдлын баталгаат төвшин доогуур; 7) хүн амын хооллолтын буруу дадал, зуршил нь таргалалт болон олон төрлийн өвчний эх үүсвэр болж байна гэж дүгнэсэн байна.
Санал болгосон бодлогын гол чиглэл. Оролцогчид дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхийг санал болгожээ.
- Хүнсний тогтвортой тогтолцооны хууль, эрх зүйн орчныг иж бүрэн бүрдүүлэх
- Хүнсний тогтолцоо, түүнд оролцогч талуудын чиг үүргийн талаар нэгдсэн нэг ойлголттой болж, оролцогч талуудын бодит оролцоог хангаж ажиллах
- Хүнсний нэмүү өртгийн сүлжээний бүх шатанд үндэсний болон олон улсын стандартыг хэрэглэж хэвшүүлэх
- Гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж, хот, хөдөөгийн хүн амын хүнсний хүртээмжийг дээшлүүлэх
- Хүнсний тогтолцооны нэмүү өртгийн сүлжээг бүрэн цахимжуулж, хяналтын нэгдмэл системийг бүрдүүлэх
- Мал аж ахуй гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, бүс нутгийн онцлогт тулгуурласан кластераар хөгжүүлэх хувийн хэвшлийн санаачилыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих
- Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний логистик сүлжээг иж бүрэн байдлаар хөгжүүлэх
- Мах боловсруулах үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл хийж, брэнд бүтээгдэхүүн бий болгон хөгжүүлэх
- Орон нутагт хоолны үлдэгдэл, дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Хүн амын халамжийн болон үйлдвэрлэлийг дэмжих бодлогод харьцуулсан шинжилгээ хийж, өөрчлөх
- Хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрүүдэд үзүүлж буй төрийн эдийн засгийн дэмжлэг, таатаасын байдалд үнэлгээ өгч, иж бүрэн шинэчилэх
- Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлд экосистемийн үйлчилгээний төлбөрийн механизм нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх.