Ил захидал
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАНАА
1. Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарал эрчимтэй хувьсан өөрчлөгдөж газар тариалангийн үйлдвэрлэл жил ирэх бүр эрсдэлд учрах болсныг илтгэн юуны өмнө “Тариалангийн даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулах УИХ-аар батлуулахад тал бүрийн дэмжлэг үзүүлэх, байгаль цаг агаарын гэнэтийн эрсдэлээс учирч болох эдийн засгийн хохирлыг бууруулах зорилгоор тариалангийн даатгал, давхар даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх
2. Салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд төрийн зарчим чиг үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам ойртуулах талаар хууль, эрх зүйн орчныг сайжруулах
3. Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ард иргэдээ бүрэн хангах, тэдний үйлдвэрлэлийг импортын барааны нөлөөллөөс хамгаалах, гааль, татварын бодлогын оновчтой зохицуулалт хийх, тэдний тариалсан 1 га талбайд юм уу эсвэл борлуулсан бүтээгдэхүүнийг нь цахим төлбөрийн баримтын системд холбож тодорхой мөнгөн урамшуулал олгож үйлдвэрлэлийг өсгөх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх
4. Хөрсний үржил шимийг сайжруулах, таримлын үр сортын болон бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, газар тариалангийн бүтээгдэхүүний нэр төрөл бүрээр үндэсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг болох, энэ зорилгоор тариалангийн эдэлбэр газрыг том голуудын сав газрыг түшиглэн урьдчилан судлагдсан газруудаас өргөтгөж атар газар эзэмших боломжийг хуулиар нээж өгөх, энэ арга хэмжээг нийслэлийн хүн амаас хөдөө рүү шилжин нүүх сонирхолтой уялдуулан хөдөлгөөн өрнүүлж шийдвэрлэх
5. Дээр дурдсан саналууд болон төрөөс баталсан ойрын, дунд, урт хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй газар тариалангийн агентлаг байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэл гаргаж өгнө үү
6. Тариалангийн бүсээр зарлагдсан сумдын нутагт буй бэлчээрийн малд ногдуулах хөлийн татварын хэмжээг бусад бүсээс өндөр байлгах суурь татварыг улсаас тогтоон холбогдох хуулинд өөрчлөлт оруулах
7. Таны санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг тариаланчид талархан хүлээн авсан. Уг хөдөлгөөнд тариаланчдыг хамруулж, модны тарьц суулгац олноор бойжуулж өгөх, уг арга хэмжээнд төрийн өмчийн уул уурхайн компаниудаас гаргах санхүүжилтын эх үүсвэрээс тариалангийн талбайг хашаажуулахад дэм авч үржүүлсэн модны суулгацыг бартерын борлуулалтаар нийлүүлэх, худалдах, мөн өөрсдөө тариалангийн талбайгаа салхины элэгдлээс хамгаалах ойн зурвастай болоход татан оруулах
8. Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах бодлого тогтворгүйгээс стратегийн хүнсний буудай импортоор оруулж үндэсний үйлдвэрлэлийг татаж унагадаг алдааг дахин гаргуулахгүй байх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөх, хүн ардын хүнсний болоод малын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх бодлогод шинэчлэл хийх, мөн газар тариалангийн бүтээгдэхүүний хангамжаас илүүдэл бүтээгдэхүүнийг экспортлох боломжуудыг тал бүрээр дэмжиж боомтын гарц суваг нээх, хилийн хорио цээрийн тогтолцоог сайжруулах
9. Монгол Улсын Засгийн Газраас тариалангийн бүс нутаг тогтоох, Атрын IV аян, хүнсний ногоо, жим жимсгэнийн хөтөлбөр, гаалийн болон НӨАТ-ыг тэглэх, 3 хувийн хүүтэй зээл олгох зэрэг нааштай шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлд томоохон дэмжлэг болж эерэг үр дүнгүүд гарч эхлээд байна. Харин зарим арга хэмжээ хэрэгжих шатандаа цаг хугацаа алдах, гүйцэтгэлийн хяналт хангалтгүй, завсрын дамжлага, хөөцөлдлөгөө их, хүртээмж бага байгаа учир орон нутгийн төр захиргааны байгууллагуудын санаачилгыг өрнүүлэхэд анхаарах МТҮХ-ны ээлжит V чуулганы төлөөлөгчдөөс гаргасан дээрх ажил хэрэгч саналуудыг тоймлосон ил захидлыг эрхэм Монголын Улсын ерөнхийлөгч танд үүгээр хүргүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА
1. Монгол Улсын ерөнхий сайдын даргалдаг “Хүнсний аюулгүй байдлын зөвлөл”-өөс гаргасан квотын хүрээнд 2021 онд их хэмжээний хүнсний улаан буудай ОХУ-аас импортоор оруулснаас улбаалан өнгөрсөн жилийн ургацаас одоогоор 60.000 тонн орчим улаан буудай чанарын шаардлага хангаагүй нэрийдлээр зах зээлд нийлүүлэгдээгүй үлдсэн, 30.000-40.000 тонн ногоон тэжээл, 40 гаруй мянган тонн рапс, овьёос, арвай зэрэг өндөр зардлаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдоогүй хэвээр байна. Мэдээж Ковид-19 цар тахлын нөлөөллийг тариаланчид бид ойлгож байгаа. Иймд хөдөө аж ахуйн дэмжих санд тушаасан буудайн үнийн талаар болон газар тариалангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох цогц бодлоготой болж, ялангуяа төвөөс алс бүс нутагт тохирсон хадгалалт, борлуулалтын ложистик бүтэцтэй болох
2. Монгол Улсын Засгийн Газраас тариалангийн бүс нутаг тогтоох, Атрын IV аян, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хөтөлбөр, гаалийн болон НӨАТ-ыг тэглэх, 3 хувийн хүүтэй зээл олгох зэрэг шийдвэр гарган хэрэгжүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлд томоохон дэмжлэг болсон билээ. Цаашид газар тариалангийн салбарын талаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тодорхой тусгах, 3 хувийн хүүтэй зээлийн хугацааг тариалангийн үйлдвэрлэлийн онцлогт тулгуурлан 3-аас дээш жилийн хугацаатай болгох
3. Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа эргэлтийн талбайн 70 орчим хувь нь ямар нэг хэлбэрээр үржил шимийн доройтолд орсон, уур амьсгалын хурдацтай өөрчлөлт, байгаль цаг уурын дулаарал, тариалангийн гол бүс нутаг дах бэлчээрийн малын тоо үлэмж олширсон, тариалангийн технологи алдагдах, хөрсний үржил шимд тавих төрийн хяналтгүй, үр, сортын бодлого болон бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ алдагдаж байгаа тул төрийн зүгээс бодлогын хэрэгжилтийг хангах нэгдсэн тогтолцоог бий болгох
4. Газар тариалангийн үйлдвэрлэлд бага хүүтэй, урт хугацаатай зээлийн тогтолцоог бий болгож чадаагүйгээс сүүлийн 10 жилд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид арилжааны банкны хүү өндөр, хугацаа богино зээлээс зээийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа нь тэдэнд эргэлтийн хөрөнгөийн хуримтлал үүсэх нөхцөлийг бүрдүүлэх боломжгүй байна. Иймд буудайн үнийг үе шаттай чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэх, ногоочдын тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг орон нутагт нь хадгалах төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг жилийн турш хүнсний ногоогоор тасралтгүй хангах агуулах, ложистикийн оновчтой сүлжээг байгуулахад улсын төсөв, олон улс, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгийг чиглүүлэх, менежментийн хувьсал хийх, тэдгээрт хувийн хэвшлийн санхүүжилтийн оролцог нэмэгдүүлэх
5. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэрийг өөрчилснөөр үйл ажиллагаа нь сайжрахгүй тул нээлттэй хувьцаат компани болгон яаралтай өөрчлөн зохион байгуулж нийт хувьцааны 50-иас дээш хувийг хаалттай хэлбэрээр тариаланчид хувь эзэмших нөхцөлийг бүрдүүлэх
6. Хүнсний ногооны хангамжийг эрс нэмэгдүүлж хүн амын хэрэгцээг ойрын 3 жилд дотоодоосоо бүрэн хангах боломжтой болгохын тулд тэдний төмс, хүнсний ногоо тариалсан га тутамд эсхүл ногоочдын анхдагчаар борлуулсан бүтээгдэхүүнийг цахим төлбөрийн баримтын системд оруулж түүнд үндэслэн тэдэнд татаас, мөнгөн урамшууллын дэмжлэг олгож үйлдвэрлэлийг нь бодлоготой дэмжиж хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн хөдөө орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хот руу чиглэсэн нүүдлийг сааруулах бодлоготой уялдуулах
7. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тариаланчдыг уриалан хамруулж, тариалангийн талбайг бүрэн хашаажуулах, салхины элэгдлээс хамгаалах ойн зурвас байгуулах, тэдний чадавхид суурилан модны тарьц, суулгац үржүүлэх захиалга өгөх, ургуулсныг нь юуны өмнө төрийн өмчийн уул уурхайн компаниудын амласан ойжуулах хөдөлгөөнд зориулан боруулалтаар дэмжих, хашаажуулах ажилд гаргасан мөнгөн хөрөнгөд бартераар тарьц, суулгацаа нийлүүлэх зэргээр бодлогоор дэмжлэг үзүүлэх
8. Газар тариалангийн салбарын ажиллагсад бид Засгийн Газраас боловсруулан УИХ-аар батлуулсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын үйл ажиллагааны чиглэл, зорилтуудыг улам тодорхой болгож хамтран ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна
Чуулганы төлөөлөгчдөөс гаргасан дээрх ажил хэрэгч санал, санаачилгуудыг хүлээн авч газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөгөөнд тусгаж тариаланчдын идэвх санаачилгыг дэмжин ажиллана гэдэт эрхэм ерөнхий сайд танд гүнээ итгэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА
1. Газар тариаланг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон эрсдэл даах чадвартай, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй, тогтвортой импортыг орлосон экспортлогч салбар болгох талаар УИХ-ын гишүүд, Засгийн Газар, салбарын эрдэмтэд, тариаланчдын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гарган салбарын хөгжлийн талаар авах зарим арга хэмжээний тухай санал боловсруулж шийдвэрлэх
2. “Тариалангийн даатгалын тухай хууль”-ийг нэн даруй санаачлан батлан хэрэгжүүлж байгаль, цаг агаарын гэнэтийн эрсдэлээс учирч болох эдийн засгийн хохирлыг бууруулах зорилгоор тариалангийн даатгал, давхар даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх
3. Салбарын мэргэжлийн үндэсний холбоогоор төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийн талаар хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг холбогдох хуульд тусгах
4. “Тариалангийн тухай хууль”-ийн олон заалт амьдрал дээр хэрэгжиж биеллээ олохгүй байгаад дүгнэлт хийж, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарал хандуулах
5. Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд татаас, мөнгөн урамшуулал олгох талаар “Тариалангийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах
6. Хөрсний үржил шим, үр сорт, ургамал хамгааллын зохистой хэрэглээг хэрэгжүүлэх агентлаг байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
7. Засгийн Газрын тариалангийн бүс нутгийг тогтоох тухай 2018 онд гаргасан шийдвэр орон нутагт төдийлөн сайн хэрэгжихгүй, жилд хураан авах ургацын 30 хүртэл хувийг мал идэж гишгэлж сүйтгэдэг талаар судлаачид дүгнэлт гаргасан байдаг. Энэ асуудал жил жилийн намар тариаланчдын хувьд зарцуулсан асар их хөрөнгөө үргүй сүйтгүүлэх агротехнологийн горим алдагдуулах, хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгодог бодит хүчин зүйл болоод удаж байна. Орон нутгийн засаг захиргааны байгууллага дээрх зөрчилтэй асуудлуудыг бие даан шийдвэрлэж чаддаггүй. Иймд эхний ээлжид тариалангийн бүс нутагт хамрагдсан 60 сум цаашлаад нэмж орохоор хүлээгдэж буй 20 гару сумын тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор малын татварын хэмжээг бодлогоор зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарал хандуулах
Чуулганы төлөөлөгчдөөс гаргасан дээрх ажил хэрэгч санал, санаачилгуудыг хүлээн авч төрөөс газар тариалангийн талаар авч хэрэгжүүлэх тухай УИХ-ын бодлого, зорилтуудыг шинэчлэн баталж Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах зэргээр эрх зүйн шинэчлэл хийж хүн ардынхаа хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахад тариаланчдын идэвх санаачилгыг өрнүүлэн дэмжиж ажиллана гэдэгт Монгол Улсын Их Хурлын дарга танд гүнээ итгэж байна.
Монголын тариаланчдын үндэсний холбооны V чуулганы төлөөлөгчид