Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье! уриан дор зохион байгуулагдаж байгаа “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” аянд Монгол Улс нэгдлээ.
Аяны хүрээнд 11 сарын 21-ний өдөр ХААИС-ийн “Мал эмнэлгийн сургууль”, АШУҮИС-ийн “Анагаахын сургууль”-ийн төгсөх ангийн оюутнууд нэгдэж “Бичил биетний тэсвэржилт” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр оюутнууд хамтран хүн, мал амьтан болон байгаль орчны эрүүл мэндийн төлөө бичил биетний тэсвэржилт, эмийн зохистой хэрэглээний талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зурагт самбар хийж хоорондоо өрсөлдсөн юм. Энэ нь “Нэг Эрүүл Мэнд” ойлголтыг дэлгэрүүлэх, одоо болон ирээдүйд нийтийн болон малын эрүүл мэндийн асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг оюутан залууст ойлгуулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Арга хэмжээгээр бичил биетний эсрэг эм, бэлдмэлийн талаар хүн болон мал эмнэлгийн салбарын эрдэмтэн багш нар илтгэл тавьж оюутнуудын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн бичил биетний эсрэг эм, бэлдмэлийн хэрэглээг хэрхэн бууруулах, хяналт тавих, ирээдүйн жор бичигчийн хувиар ямар үүрэг хүлээж болох тухай оюутнууд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
“Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье! уриатай” арга хэмжээг Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, НҮБ-ын ХХААБ болон тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Бичил биетний тэсвэржилтэд КОДЕКС-ийн стандартыг нэвтрүүлэх төсөл” болон “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл” хамтран зохион байгуулав.
Бичил биетний тэсвэржилт нь дэлхий нийтийн хэмжээнд ноцтой асуудлыг үүсгэж байгаа бөгөөд тэсвэржсэн бичил биетэн нь хүн ам, мал амьтан, хүрээлэн буй орчноор дамжин тархах эрсдэлтэй тул “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд хүн, мал эмнэлэг, байгаль орчны салбар илүү нягт хамтран ажиллах шаардлагатай байна.
%2Fbb1.jpg)
%2Fbb3.jpg)