Техникийн шинжлэх ухааны доктор (Sс.D), профессор Ж.Түмэн
Ю.Цэдэнбал даргын үед МАХН Монгол орныг хөдөө аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгон, улмаар аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болгон хөгжүүлэх хөтөлбөртэй ажиллаж, Монгол түмний хамт амжилттай хэрэгжүүлснийг манай ахмад үеийхэн бахархан дурсдаг билээ.
Энэхүү түүхэн том ялалт нь
1. Москва-Улаанбаатар
- Бээжингийн төмөр замыг бүтээн байгуулж
2. Халх голын дайнд ялж
3. Атар газар эзэмшсэн гурван үйл явдлаас бүрддэг.
МАН-ын 100 жилийн үйл ажиллагааг тус намын үеийн үеийн гишүүд, дэмжигчид, Монголын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэхүү 100 жилийн түүхэн замнал эрч хүчээ авч Эдийн засгийн тусгаар тогтнолын эрин үе болж тэлэв, 100 жилийн ойд МАН XXX их хурлаа хуралдуулж, намынхаа шинэ даргыг санал нэгтэй батламжилж, нам, төрийн эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогын зургаан үндсэн зангилаа асуудлыг томьёолон, дэвшүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн шинэ эргэлтийн эхлэл боллоо. Шинэ оны босгон дээр УИХ шинэ сэргэлтийн бодлогыг баталсан нь
1. Хилийн боомтын сэргэлт
2. Эрчим хүчний сэргэлт
3. Аж үйлдвэрийн сэргэлт
4. Хот хөдөөгийн сэргэлт
5. Ногоон хөгжлийн сэргэлт
6. Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн 6 асуудлын хүрээнд томьёологдсон. Эдгээр 6 асуудал нь хөгжлийн тушаа болж ирснийг Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ онцолсон.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76-р чуулганд “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг дэвшүүлсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд бидний оруулж буй хувь нэмэр юм.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил Англи Улсын Глазкоу хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад “... Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж байна. Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна. Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо биелүүлэх боломж байна...” хэмээн Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн билээ.
Өнгөрсөн жил Ойн салбарын үндэсний чуулганыг ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, байгаль орчны салбарын хууль эрх зүйн шинэчлэл, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, байгаль орчин ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт, ойн салбарын технологи, инновацын шийдэл, ногоон санхүүжилт -таны боломж сэдвээр өргөн хэлэлцүүлэг хийв. Чуулганд Монгол Улсын ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно. Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн. Чуулганд оролцогсдын дэвшүүлсэн санал, судалгааны үр дүн, инновац, технологийг нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана” гээд ирээдүйн хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ уриаллаа. Ийнхүү Засгийн газрын ногоон хөгжлийн бодлого, зорилтууд тодорхой болж, хариуцах эзэнтэй, хийж гүйцэтгэх ажилтай боллоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр нийт 680 сая мод 2030 он хүртэл тарьж, ургуулах гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон аймаг нийслэлийн дарга нар гарын үсэг зурж, уул уурхайн нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608.5 сая мод тарьж ургуулахаа 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батламжилснаар 2030 он хүртэл улсын хэмжээнд нийтдээ 1 тэрбум 288 сая 500 ширхэг мод тарьж ургуулах хөтөлбөрийн зорилтыг тодорхойлж ажлыг эхэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нь бахархал, буянтай үйл болж, хүн төрөлхтний түүхэнд үлдэнэ хэмээн итгэж байна. Төрийн гурван өндөрлөгт нэг цонхоор харж, нэгэн зорилгод нэгдэн, тулгамдсан асуудлыг зөв мэдэрч байгаа нь эндээс харагдаж байна.
Мод тарьж, ойжуулах үндэсний хөдөлгөөний зорилтууд, хэрэгжүүлэх арга зам, гүйцэтгэгч нь тодорхой болсон ч хөдөөгийн ногоон хөгжлийг тушсан гол эх булаг нь хүлэмжийн хийг ялгаруулж буй мал, амьтны өтөг бууц, гахайн шивх, шувууны сангас, хүнс, хөнгөн үйлдвэрийн хаягдал юм. Эдгээр хаягдлыг ямар ч боловсруулалтгүйгээр ил задгай хаяж, байгалийн жамаар нь байлгахад түүнээс ялгарсан хүлэмжийн хий (CO2) болон метан нь агаар, ус, хөрсийг бохирдуулж байна. Мөн үүний адил хөдөөгийн болон хотын гэр хорооллын задгай жорлон, муу усны нүх бас л агаарын бохирдлын эх үүсгэвэр болно.
Ойролцоогоор тооцоолоход адуу, тэмээнээс гадна 3 төрлийн мал, бусад амьтнаас жилд 60-70 сая тн өтөг бууц, шивх, сангас гарч байна. Энэ нь 5x1019 тэрбум квт/цаг цахилгаан эрчим хүчтэй тэнцэнэ. Эндээс харахад уг нөөцийг эргэлтэд оруулан, биохий гарган ашиглах замаар малчдын гэрэл, түлш, дулааны асуудлыг шийдвэрлэх асар их нөөц, боломж юм.
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын ногоон хөгжлийн сэргэлтийн хэсэгт: “ ... Бид өвөг дээдсийн унаган байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн их сэргэлтийн эрин үед олон улсын чиг хандлагатай нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна...” гэж заасан байгаа нь хөдөө нутаг, тэр дундаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ногоон хөгжлийн замд оруулан, шинэчлэн сэргээхийг хэлжээ.
Хөдөө аж ахуйн хоёр үндсэн салбар болох газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн ногоон хөгжлийн асуудалд юуны өмнө хадлан, бэлчээрийн талбайн доройтлыг бууруулах, ургамлын өсөлт, хөгжилтийг хэвийн горимд оруулж, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нөгөө талаасаа тариалангийн хөрсний механик элэгдлийг бууруулж, үржил шимийг хэвийн хэмжээнд байлгах зорилгоор тариалангийн хөрсийг уриншлах нэрийдлээр жилийн турш ямар ч бүрхүүлгүй, нүцгэн байлгаж, үржил шимт хэсгийг нь салхинд хийсгэж, алдах явдлыг зогсоохын тулд хөшигт уринш хийж, ногоон бордуурын таримал тариалж, тариалангийн талбайг жилийн турш сүрэл, ургамлан бүрхүүлтэй байлгах зэрэг хөрс хамгаалах, таримлын чанар, ургацыг нэмэгдүүлэх дэвшилтэт шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх арга хэмжээнүүд орно.
Ийм учраас 67.3 сая толгой малын өтөг бууц, ялгадсыг аль болохоор биоферментац (Исэлдүүлэх)-ийн аргаар боловсруулж, шингэн болон хуурай био-бордоо бэлтгэх, мөн нийлмэл шим бордоо (Компост) үйлдвэрлэх замаар эрдэст шим бордоо хийж, тариалангийн хөрс болон мод, сөөг, бут тарих хөрсийг бордоход хэрэглэх боломжтой юм.
Биохий нь 60-70%-ийн метантай, 30-40%-ийн нүүрс хүчлийн давхар исэл (CO2) буюу хүлэмжийн хийнээс бүрдэнэ. Биохийг түлш, дулаанд хэрэглэж, метаныг шатааж, CO2-ыг нь усанд шингээн авч зайлуулна. Үлдсэн биошаарыг тариалангийн хөрс бордоход, мод тарих хөрсийг бордож, услахад хэрэглэдэг.
Компост хэмээх нийлмэл бордоог манай эцэг өвгөдийн хөх бууц бэлтгэдэг аргаар хийдэг боловч зарим зүйлээрээ эрс ялгаатай байна. Тухайлбал, тусгай талбайд өвс, сүрлэн дэвсгэр дээр эрдэс бордоо цацаад хооронд нь хольж, тэгшилж, нягтруулаад дээр нь фермийн болон малын хотны өтөг бууц, үхрийн ялгадас, гахайн шивх, шувууны сангасыг овоолж, нуруулдаад, сайтар нягтруулна. Ингээд 7-10 хоноход нуруулдсан биомасс өөрийн илчээрээ 75ºC хүртэл халж, задарч эрдэсжинэ. Дараа нь аажмаар дулааны хэм нь буурч, 30ºC болтлоо 7-10 хононо. Ингэж хөргөсний дараагаар биомасс (Өтөг бууц, шивх, сангас, үхрийн баас)-ыг 2-3 удаа сэлгэж, зэрэгцээх талбайд шилжүүлэн байрлуулж, дахиад нуруулдаж, ялзруулна. Ингээд 21-30 хоноход шинэхэн нийлмэл, хагас нэгшмэл биобордоо бэлэн болдог. Ийнхүү биозадралын явцад биомасс дахь хортой бичил биетэн, өвчин хортон үгүй болж, зөвхөн хөрсийг сийрүүлж, үржил шимийг нь тэтгэдэг ашигтай бичил биетэн, хар, бор шороотой ялзмагийн холимог л үлдэнэ. Амиак (шүвтэр), эвгүй үнэр нь үгүй болж, цэвэр “Амьд хөрс” бий болно. Ийм хагас нэгшмэл нийлмэл бордоог хөрсөнд хийхэд чийгэнд дэвтэж, биотермийн үйл ажиллагаагаар ашигтай бичил биетүүд нь хөрсийг сийрүүлж, биобордоо дахь эрдэст болон шимт бодисуудыг хөрстэй хольж, үржил шимтэй болгодог байна. Шим бордоо нь 5 жил хөрсний үржил шимийг дээшлүүлэх боломж өгдөг нь туршилтаар тогтоогдсон.
Дээрх аргаар шим бордоо үйлдвэрлэхэд доод тал нь тракторын 1 тэвш, нэг дугуйт трактор, нэг “Универсаль” дугуйт трактор (Хусуур, шанагатай дугуйт трактор), 2-3 механикжуулагч хэрэгтэй бөгөөд үүнд 350-400м2 талбай бэлтгэх шаардлагатай.
Нийлмэл шим бордоо бэлтгэх механикжсан салааг мал аж ахуйн ферм, суурь, малчдын бүлгийн дунд байгуулж, үйлдвэрлэсэн биобордоог тариалангийн компани, аж ахуйн нэгжид худалдан борлуулах боломжтой.
Одоогийн үнэлгээгээр 1 тн нийлмэл шим бордооны өөрийн өртөг 535.0 мян төг/тн, хэрэглэгчид очих борлуулалтын үнэ 670.0 мян төг/тн, байх төлөвтэй. Эндээс үйлдвэрлэгч 1 тн нийлмэл шим бордооноос 134.0 мян төгрөгийн ашиг олох боломжтой байна. Хоёр механикжуулагчтай механикжсан салаа жилд 550 тн хуурай биобордоо үйлдвэрлэж, 74.0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. Салаанд шаардагдах машин техник нь хүчин чадлаасаа хамаарч, 30-40, 80-90 морины хүчтэй дугуйт трактор, тэдгээрт шаардагдах машин, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх шаардлагатай.
Өнөөдөр газар тариаланд 1200 гаруй том жижиг аж ахуйн нэгж ажиллаж байна. Эдгээр байгууллага бригад, салааг байгуулж, малчид, фермерүүдтэй тохиролцон, нийлмэл биобордоо үйлдвэрлэдэг болсноор байгаль орчин, агаар ус цэвэршиж, таагүй үнэр үгүй болж, газар тариалан экологийн цэвэр шим бордоогоор хангагдах болно.
Одоогоор Төв аймгийн Баянчандмань суманд А.Чойжамцын технологиор байгуулагдсан эрдэст шим бордооны үйлдвэр ажиллаж, 1 тн биобордоог хэрэглэгчдэд 1.55 сая төгрөгөөр худалдаж буй нь сайхан эхлэл юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хаягдал биомассыг дахин боловсруулж, орчныг цэвэршүүлж, биобордоо, цахилгаан, гэрэл, дулаанд хувиргаж ашиглах өөр нэгэн чиглэл нь биохийн технологи билээ. Энэ технологийг 1970-аад оны сүүлчээс эхлэн, хөдөө аж ахуйн инженер Ө.Өлзийхутаг, Ж.Түмэн, академич Б.Чадраа нар эхлэн судалж, биохийн тоног төхөөрөмж зохион бүтээж, загварыг хийж, үйлдвэрлэлийн нөхцөлд туршиж байсан.
Харамсалтай нь хөрөнгө зардлын хомсдолоос шалтгаалан, хамгийн сүүлчийн туршилт хөгжүүлэлтийн ажлыг БСШУЯ-ны шийдвэрээр, биотехнологийн судалгаа хөгжилтийн мастер төлөвлөгөөтэй нь хамт зогсоож, санхүүжилтийг нь хаасан байдаг. Энэ ажлыг гүйцэтгэж байсан Хөдөө аж ахуйн техник, шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэл /ХААТШУТҮН/ үгүй болж, биохийн технологиор мэргэшсэн эрдэмтэн, инженер ажилгүй болсон харамсалтай үйл явдал болсон байдаг.
Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг дэвшүүлж, ногоон хөгжлийн сэргэлтийг Монголын үндэсний хөдөлгөөн болгон, улс орон даяар өрнүүлж буй өнөө үед дээрх ХААТШУТҮН-д дурсгалын хөшөө босгон үлдээх, эсвэл түүнийг дахин сэргээж байгуулах, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд тус нэмэр болгохын тулд хийж, нэвтрүүлж байсан ажлыг нь хөдөө аж ахуйн инженерийн салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний болон инженер-технологийн ажилтнуудаар нь үргэлжлүүлэн хийлгэх боломжийг дахин олгож өгөх цаг иржээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай!