Д.Буянхишиг
Монгол Улсын Гавьяат мал зүйч, доктор
Хөдөөнөөс ирсэн танил малчин: “Хэдэн малаа борлуулчихаад хотын хаяа бараадъя даа. Бид чинь хаварт ноолуур, намарт махаар жаахан орлого олдог хүмүүс. Гэтэл бидний гар дээрээс авсан үнээсээ 4-5 дахин өсгөж зарж байна. Дээр нь малын шүлхий өвчин ч нэрмээс өгөөд малчид хот руу дүрвэцгээж байна. Энэ янзаараа бол мал маллах хүнгүй болох нь” гэснийг эргэцүүлж бодон мал, мах тойрсон зарим асуудлыг хөндлөө.
Өнөөгийн төрх. Мал аж ахуйy салбар нөлөө бүхий салбар хэвээрээ ажиллах хүч жилээс жилд хумигдаж байна. 2000 онд малчин өрх 191.5 мянга, малчны тоо 421.4 мянга байсан бол өнгөрсөн хугацаанд малчны тоо 32.2 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэр 3 малчин тутмын нэг нь малаас дайжсан байна. Ингэснээр нэг малчин өрхөд 370, нэг малчинд 224 мал оногдож ачаалал нь эрс нэмэгдсэн. Улсын бэлчээр хадлангийн талбай 112.1 сая га. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээр нийт бэлчээрийн 63 хувь нь хүчтэй, 7 хувь нь нэн хүчтэй талхлагдсан байна. 2005 онд 100 га бэлчээрт 51 мал оногдож байсан бол одоо энэ тоо хоёр дахин өсчээ. Өнөө хүртэл малын тоог малчны хүсэл зориг, хөх тэнгэр хоёр мэдэж ирэв.
Малын гоц халдварт өвчнүүд үүний дотор онц аюултай “шүлхий” өвчин тархаж үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдсээр нэг жилийн нүүр үзлээ. Одоо 14 аймгийн 99 суманд 166 голомтлон тархсан байна. Энэ тухайд Мал эмнэлгийн ухааны доктор О.Уламбаяр “Өдрийн сонин”-д маш тодорхой ярилцлага өгчээ. Маш шуурхай, хатуу хорио цээр тогтоож дарж авдаг өвчнийг тухайн цагт нь нуун дарж эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй байсаар алдлаа. Одоо худалдаанд хаанаас, ямар өвчтэй малын мах орж ирж байгааг мэдэх, хянах ямар ч боломжгүй болов. Махны экспорт ч зогслоо. Хүн нь кронотой, мал нь шүлхийтэй орноос ямар улс мах авах гэж зориглох билээ дээ.
Мал олон бол мах арвин. Улсын хэмжээнд Статистикийн мэдээгээр 2005 онд 6.3 сая мал хүнсэнд хэрэглэж байсан бол сүүлийн 3 жилийн дунджаар 16.6 сая болж 10.3 саяар нэмэгджээ. Мах бэлтгэл 2000 оныхоос \нядалгын жингээр\ 78.4 хувиар нэмэгдэв. Зах зээлийн хуулиар бол бэлтгэн нийлүүлэлт ингэж өсөхийн хэрээр үнэ буурах учиртай, гэтэл махны үнэ харин ч өссөөр байна. Энэ өсөлт нь бэлтгэн нийлүүлэх хэмжээнээс хамаарах нь бага байна. Бэлчээрийн мал аж ахуйн хувьд мах бэлтгэл малын тооноос шууд хамаарна. Мал олон бол бүтээгдэхүүн төдий чинээ нэмэгдэнэ. Иймд малын тоог хязгаарлах шаардлагагүй, ядахдаа өнөөгийн хүрсэн төвшинд барих хэрэгтэй юм. Үүнээс доош нь хорогдуулах юм бол мах, ноос, ноолуур, арьс шир гэхчлэн бүтээгдэхүүн тэр хэмжээгээр буурна. Харин тодорхой бүс нутаг, аймаг, сумын хэмжээнд малын төрөл хоорондын зохистой харьцаа, сүргийн бүтцийг зохицуулах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, цөлжилт хүчтэй илэрч буй говийн аймаг, сумдын сүрэгт эр малын эзлэх хувийг аль болох бууруулж, бод малынхыг дээшлүүлэх хэрэгтэй. Ялангуяа тэмээний тоог наад зах нь нэг сая хүртэл нэмэгдүүлэх нь зөв юм.
Махны хэрэглээг өөрчлөх хэрэгтэй. Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн өвчтэй гэдэг үнэн. Соёл иргэншил хувьсахын хэрээр хүний амьдралын хэв маяг, дадал зуршил өөрчлөгдөх нь жам. Саяхан болтол нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан монголын хүн амын дийлэнх нь суурин газрын иргэд болж эдэлж хэрэглэдэг, идэж уудаг нь хүртэл уламжлалаасаа алсарсаар байна. Үр дүнд нь хүн амын таргалалт хэрээс хэтэрч, даралт, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвдөгч тоолж баршгүй болов. Хэдхэн жилийн өмнөх судалгаагаар манай 15-64 насны хүн амын 60 хувь нь жингийн илүүдэлтэй болох нь тогтоогдож, НҮБ-аас хэт таргалалтаар Монгол улс Азидаа тэргүүлж байгааг анхааруулжээ. Манай нэг онцлог нь малыг нас гүйцсэн ирэг, сэрх, шар болтол нь хадгалж, намар малынхаа тарганаас нь шилж нядалдгаас хүнсэнд өөх ихтэй мах нийлүүлдэг. Энэ бол суурин иргэдийн өвчин эмгэгийн нэг үндэс мөн. ЭМЯ-ны зөвлөснөөр монгол хүний жилийн зохистой хэрэглээ нь мах, махан бүтээгдэхүүн 69.4 кг, үүний 63.1% нь малын, 21.1% нь шувууны, 15.8 % нь загасны мөх байх ёстой. Гэтэл хэрэглээний 96.5 хувийг малын мах эзэлж байгаа бөгөөд НҮБ-ын мэдээгээр нэг хүн жилд малын 88.3 кг мах иддэг нь зөвлөмжид дурдсанаас 2.0 дахин их байна. Иймд хүн амын зохистой хооллолтыг зуршил болгох, хүнсэнд малын тэр дундаа өөхтэй махны хэрэглээг аль болох багасгах шаардлага бий болсон. Үүнд эергээр нөлөөлөх хоёр арга байна.
1. Төл, өсвөр мал (хурга, ишиг, бяруу тугал)-ыг эрчимтэй өсгөн бойжуулж тухайн жилд нь хүнсэнд хэрэглэх юм. Дэлхийд жилд 9.91 сая тонн хонины мах үйлдвэрлэж байгаагаас БНХАУ 2.47 сая тонн, Австрали 731.8 мян.т, Шинэ Зеланд 449.0 мян.т-ыг (эх сурвалж: FAO) бэлтгэж байна. Ер нь дэлхийн хонины махны 57.1 хувийг арван улс үйлдвэрлэдэг. Эдгээр орон тухайн жилийн хургыг эрт эхээс нь тусгаарлаж 2-3 сар хашсан бэлчээрт оруулах буюу бага зэргийн нэмэгдэл тэжээлээр тэжээж 6-8 сартайд 25 кг-аас доошгүй жинд хүргэж борлуулснаар эрүүл мэндэд ашигтай, өөхгүй, зөөлөн шүүслэг мах хэрэглээг бий болгожээ. Ингэснээр сүргийн дотор эр мал үгүй болж эм хонины хувийн жин 80-85 хувьд хүрдэг. Энэ аргыг манайд 1980-аад оны дундуур эрдэмтэн Я.Нямаа үйлдвэрлэлд туршин хэрэгжүүлж үр дүнтэй болохыг нотолсон бүтээлээрээ “Төрийн соёрхол” хүртсэн. Үүнийг одоо сэргээх шаардлагатай бөгөөд зарим аж ахуй нэгж туршиж эхэлжээ. Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруун суманд санаачлан хэрэгжүүлж буйг дэмжүүштэй юм.
2. Махны төрөлжсөн үүлдрийн мал үржүүлэх дэвшилт арга. Нэг үхрээс АНУ 363, Канад 335, Герман 322, Франц 312 кг мах ашиглаж байхад Монгол улсад энэ үзүүлэлт 163 кг байгаа нь Канадаас гэхэд 2 дахин бага байна. Энэ нь эдгээр оронд Герефорд, Сант-гертруд, Шароле, Лимузин, Ангус зэрэг (Бух нь 900- 1500 кг жинтэй) махны үүлдрийн үхэр үржүүлдэгтэй холбоотой. Манайд хүнсэнд хэрэглэсэн нэг малаас нядалгын жингээр 32.1 кг мах ашиглаж байна. Түүнчлэн гахай, шувууны аж ахуйг эрчимтэй хөгжүүлмээр байна.
Малыг эрлэгт одуулах газар. Хот суурин газрын иргэд малын өсөлт махны үнэ хоёрыг харьцуулан бухимдацгаадаг. Хонины нэг мах өнгөрсөн жил 7500 төгрөг байсан бол энэ жил 12-14 мянга болж, үхрийн махны үнэ бүр илүү өслөө. Малынхаа хамаг махыг гадаадад хямдхан гаргачихаад бид ийм үнэтэй мах идэж сууна гэх хүн ч таарна. Сүүлийн жилүүдэд махны экспорт 38.3-40.9 мянган тонн-д хүрч өсөх хандлагатай байснаа өнгөрсөн онд 1.6 дахин багассан учир дотоодын хэрэглээнд огт нөлөөлөхгүй нь тодорхой. Тэгээд ч экспортын махны 68.3 хувийг адууны мах эзэлдэг Сүүлийн 3 жилийн дунджаар нэг кг адууны махыг 1.88$, үхрийнхийг 2.72$, богийнхыг 2.36$-ын үнэтэй гаргасан нь дотоодын жижиглэнгийн үнээс 1.5- 2.0 дахин доогуур байгаа нь анхаарал татна.
Махыг үйлдвэрийн аргаар боловсруулж өртөг шингээгээд үнэд оруулаад байна уу гэвэл бас үгүй. Улсын хэмжээнд мал төхөөрөх 69, мах боловсруулах 135 үйлдвэр, цех байгаа нь суурилагдсан хүч чадлаараа бол 90-150 хоног ажиллаж 5.1 сая бог, 1.3 сая бод мал төхөөрөх боломжтой аж. Гэтэл жилд бэлтгэсэн махныхаа ердөө 6.0 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаагаас үзэхэд хүч чадлын ашиглалт тун хангалтгүй байна. Уг нь мах боловсруулах үйлдвэр гэдэг нядалсан малын амьсгалаас бусдыг ашигладаг газар байдаг, тийм ч байсан. Одоо харин эдгээр нь “гулуузаас” бусдыг ашигладаггүй, малын арьс, дотор, дайвар эрхтэн нь ялаа батгана, өт хорхойн тэжээл болж ойртохын аргагүй бохир орчин болжээ.
Дотоодын үйлдвэрүүдэд нийт бэлтггэсэн үхрийн ширний 25.8%, хонины нэхийний ердөө 1.5%, ямааны арьсны 22.9%-ийг үйлдвэрийн аргаар боловсруулсан мэдээ байна. Иймд махны үйлдвэр цехүүд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах газар биш, эрлэгт одуулах төдий газар болжээ. Иймд махны жижиглэнгийн үнэ өсөж байгаа нь мал, мах бэлтгэн нийлүүлэх тогтолцооны гажуудалд л байна. Иймд мал аж ахуйн бүтээгдэхүүн бэлтгэх, худалдан борлуулах тогтолцооны дамжлагыг цөөлж малчдаас хэрэглэгчид очих түүхий эд бэлтгэлийн оновчтой систем бий болгох цаг болжээ.