Ургамал, газар тариалангийн хүрээлэн
Ц.Нарандэлгэр, Ж.Байгалмаа, П.Насан-Ариун,
М.Мягмардорж, О.Гансүх
Монгол улсын ХХААХҮЯ, БШУЯ, БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөөгийн Хөгжлийг Удирдах газар, КОПИА МОНГОЛ төвтэй хамтарсан төслийг Дархан уул аймаг дахь ХААИС-ийн харьяа Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнд амжилттай хэрэгжүүлж байна.
КОПИА төв нь өөрсдийн мэдлэг, туршлагаа хөгжиж буй орнуудтай хуваалцах зорилгоор 2009 онд байгуулагдан ХАА-н технологийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнөөгийн байдлаар зүүн өмнөд Ази, латин Америк, Африк тивийн 21 улсад байгуулагдан ажиллаж байна. Монгол Улсад Копиа Монгол төв нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Монгол орны хөдөө аж ахуйд хамтарсан төслүүд хэрэгжүүлж ирсэн. Тус төвийн захирлаар доктор Чой Ман Ёон ажиллаж байна.
Эдгээр төслийн хүрээнд хоёр орон харилцан мэдлэг, мэдээлэл болон туршлага солилцож, хамтарсан судалгаа хийж, технологи боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, таримал ургамлын сортыг сайжруулах, малын удмын санг сайжруулах, хамгаалах, малчид тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, Солонгосын технологийг туршин Монгол оронд тохирсон технологи бий болгох, түнш улсын ХАА-н хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор хамтарсан төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй олон хөтөлбөрт арга хэмжээний үр дүнд өрхийн болон хувийн хэвшлийн хоршоо, аж ахуй нэгжийн тариалан эрхлэлт сайжирч, бөөрөнхий сонгиныг тариалах талбайн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Манай улс хүнсний ногооны дотоодын хэрэгцээнийхээ 46-60%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Улсын хэмжээнд жилдээ бөөрөнхий сонгино 1640.5 га талбайд тариалж, 19605.7 тонн ургац хураан авсан байна. /ХХААХҮЯ. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн 2021 оны тайлан/.
Хүнсний ногооны үйлдвэрлэлд бөөрөнхий сонгинын хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэхийн тулд БНСУ-д өргөн тариалагдаж буй сорт дээжүүдийг манай орны хөрс, цаг агаарын нөхцөлд туршин судалж, шалгаруулах, улмаар нутагшуулах зорилготой уг төслийг 2018-2020 онуудад хэрэгжүүлсэн.
Тус төслийн хүрээнд бөөрөнхий сонгинын сортуудад ургамлын өндөр, навчны тоо, булцууны урт, булцууны диаметр, нэг булцууны дундаж жин, нэгж талбарын ургац, хэрэглээний ургац зэргийг хэмжиж тогтоохын зэрэгцээ, хучлагатай ба хучлагагүй талбайд ургуулсан үрслэг шилжүүлэлт даах чадвар, ургамлын амьдралт, сонгины биохимийн найрлагыг тодорхойлж, нэгж талбайгаас 370.9 ц ургац өгч Ричихун F1 гибрид сорт нь нь манай орны нөхцөлд нутагшсан Штуттгартер ризен сортоос 126.3 ц ургацаар давуу ургац өгч шалгараад байна.
Ричихун F1 нь ХХААХҮЯ-ны Улсын сорт сорилтын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр Монгол оронд “Ирээдүйтэй сорт”-оор батлагдсан.
Дээрх төслийн II шат буюу 2021-2023 онуудад Бөөрөнхий сонгинын ирээдүйтэй сорт болон тариалах технологийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж буй төслийн явц үр дүнтэй байна.
2021-2022 онд тариалангийн баруун бүсүүдэд Увс аймаг дахь Улаангомын УГТХ-ийн салбар, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг “Модун Шанюьй “ХХК, Төв аймгийн Зуунмод сумын “Атрын шим” ХХК зэрэг аж ахуй нэгж тус бүр 0.7-1.0 га талбайд тариалж, нэгж талбайгаас 250-400 ц ургац хураан аваад байна. Эдгээр аж ахуй нэгж бөөрөнхий сонгиныг үрслэгийн аргаар ургуулж, хөрсийг нийлэг хальсан хар хучлагааар хучиж тариалах технологийг мөрдөв.
Хар өнгийн нийлэг хальсан хучлага хэрэглэснээр хөрс чийг, дулаанаа удаан хадгалах, ургацын таваарлаг чанар сайжрах боломжтойн зэрэгцээ хог ургамалтай тэмцэх арга ажиллагааг хөнгөвчлөх давуу талтай юм.