“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийн нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийг дэмжих “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийг 2021 оны 5 дугаар сард зарласан билээ. Уг хөтөлбөрт саналаа ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг ХАА-н салбарт шинэлэг санаа, шийдэл, инновацийн саналыг шалгаруулах тусгай арга хэмжээнд уригдсан нийт 33 байгууллага дэд төслийн саналаа 6 сэдвийн хүрээнд амжилттай танилцуулсан бөгөөд хөндлөнгийн шүүгчдийн багийн шалгаруулсан шилдэг 12 дэд төслийн саналыг танилцуулах ёслолын үйл ажиллагаа 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Дэлхийн банкны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй БНХАУ, Индонез Улс, Энэтхэг Улс зэрэг Зүүн Ази, Номхон далайн бүсийн бусад оронд тус арга хэмжээтэй ижил төстэй арга хэмжээг хэрэгжүүлж, амжилттай зохион байгуулсан байна.
“Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн хүрээнд дэд төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн МАА-н салбарын хувийн хэвшлийн байгууллагууд, мах, сүү, ноос, ноолуур, малын тэжээлийн үйлдвэрүүд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, урилгаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн "Мал аж ахуйн жишиг экстейшний үйлчилгээ нэвтрүүлэх" төсөл хоёр дах шат буюу хэрэгжүүлэх нэгжид нөхцөл байдлын үнэлгээ хийх шалгаруулалтад хамрагдлаа.
Хөтөлбөр нь Дэлхийн банкнаас бусад улс орнуудад хэрэгжүүлж буй ногоон, тогтвортой, ухаалаг мал аж ахуйн салбарын инноваци, технологийн шийдлүүдийн цуврал арга хэмжээг зохион байгуулж, Монгол Улс болон олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Уг хөтөлбөрийн хүрээнд дараах гурван зорилтыг эрхэмлэнэ. Үүнд:
▪ Ногоон, тогтвортой, ухаалаг мал аж ахуй хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого түүний хэрэгжилтийн талаар мэдээллийг түгээх, МАА-н инновацийн болон түншлэлийн шинэлэг шийдлүүдэд тулгамдаж буй сорилтууд, түүнийг шийдвэрлэх талаар МАА-н салбарт оролцогч талуудын хооронд хэлэлцүүлэг өрнүүлэн шийдлүүдийг боловсруулах,
▪ Шинэлэг шийдэл хөтөлбөрт оролцогч байгууллагууд санал болгож буй инновацлаг төслийн саналууд, хэрэгжилтийн талаар туршлага солилцох, үйл ажиллагааны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэл бий болгох боломжийг олгох,
▪ Санхүү болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг салбарын инновацлаг шийдлүүд рүү хандуулан, санхүүгийн боломжуудыг нэмэгдүүлэх зэрэгт энэхүү арга хэмжээний зорилго оршино.