“Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал” Монгол, Герман мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалтыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс зохион байгууллаа.
Уулзалтанд МХЕГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв, “Гацуурт” ХХК, “Монгол экологийн бордоо” зэрэг хөрсний шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд оролцож Монгол, Германы эрдэмтэн мэргэжилтнүүд хөрснөөс дээж авах замаар лабораторид ашиглаж буй шинжилгээний аргачлалын нэгдмэл байдлыг бий болгох талаар хэлэлцлээ.
Монгол Улсад хөрсний шинжилгээ нь олон улсын стандартад нийцсэн байж шинжилгээний арга, аргачлалыг нэгдмэл болгох учиртайг оролцогчид тэмдэглэн хэлж байв.
Уулзалтаар хөрснөөс дээж авах шинжилгээний талаар Монгол Улсад хэрэгжүүлж буй аргачлалын талаар судлаач Л.Баяртулга танилцуулсан бол ХБНГУ-ын арга туршлагыг тус улсын Хоэнхаймын их сургуулийн профессор Карл Штаар танилцуулж мэдээлэл хийлээ. ХААИС-ийн хөрс шинжилгээний лабораторид ашиглаж буй аргалчлалын талаар тус сургуулийн Хөрс-агрохимийн лабораторийн эрхлэгч, доктор А.Жавхлантуяа, “Гацуурт” ХХК-д ашиглаж буй хөрс шинжлэх аргачлалын талаар тус компанийн агрономич Х.Ганзориг, хөрсний хүнд металлыг тодорхойлсон сонирхолтой судалгааг МУИС-ийн багш Н.Дашням, хөрсний лабораториудын арга зүйг доктор Б.Ундрах-Од харьцуулан хэлэлцүүллээ.
Уулзалтын үр дүнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хөрсний лаборатори шинжилгээний арга, аргачлалыг нэгтгэж, дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд дотоодын холбогдох журам, стандартыг шинэчилж батлуулах нэн тэргүүний шаардлагатай байгаа гэж үзэн хамтарч ажиллах, шат шатны байгууллагад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.