ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв Булган аймгийн Засаг даргын тамгын газартай 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү энэхүү санамж бичгийн зорилго нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинэлэг дэвшилтэт арга технологи, инновацын талаар үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжилтнүүдэд сургалт явуулах, үйлдвэрлэлд зөвлөн нэвтрүүлэх чиглэлээр хамтран гүйцэтгэх, ажлын үр дүнгээс зохих ашиг тус хүртэх талаар хамтран ажиллагч талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад орших юм.
Талууд
1. Сургалтын үйл ажиллагаа
2. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажил
3. Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалт гэсэн үндсэн чиглэлийн дагуу үйлдвэрлэлийн технологи, менежментийн сайжруулалт, үйлдвэрлэлд зөвлөх, нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг хамтран гүйцэтгэх, санамж бичигт заасан ажлын хэрэгжилтийг тогтоосон хугацаанд зохих хууль тогтоомж, дүрэм журмын дагуу чанартай, шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх, санамж бичигт заасан ажил үүргийг хамтран гүйцэтгэхэд шаардлагатай байр, унаа, бусад орчин, нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар тохиролцлоо.
Хамтын ажиллагааны хамгийн эхний буюу сургалтын үйл ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвөөс “Тэжээлийн ургамал тариалах технологи” цахим сургалтыг зохион байгуулж доктор Д.Алимаа “Таримал тэжээл”, академич Н.Тогтохбаяр “Мал бордоход зориулсан тэжээл” сэдвээр хичээл заалаа. Сургалтад Булган аймгийн 15 сумын бэлчээр болон газар тариалан хариуцсан 30 гаруй мэргэжилтэн оролцлоо.