ХААИС, БНСУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөөгийн хөгжлийн удирдах газрын харьяа КОПИА Монгол төв “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох жижиг жимст лоолийн шинэ сортуудыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх” сэдэвт төслийн I шатыг амжилттай хэрэгжүүсний үр дүнд II шатыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээнд ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, КОПИА Монгол төвийн захирал Чой Ман Ёон, төслийн удирдагч, дэд профессор Ж.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Төслийн I шат 2018 оны гуравдугаар сараас гурван жилийн хугацаатайгаар ХААИС-ийн Агро экологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафт архитектурын тэнхимийн “Биологийн нөөц таримлын технологийн хөгжил” профессорын баг амжилттай хэрэгжүүлж судалгаа, сургалтын үйл ажиллагааны үр дүнд жижиг жимстэй лоолийн Seminis-SV7160TC, TY Candy сортуудыг ХХААХҮЯ-ны дэргэдэх Улсын сорт сорилын албаар “Ирээдүйтэй сорт”-оор батлуулсан.
II шатыг мөн гурван жилийн хугацаатайгаар эхний шатны үр дүнд шалгарсан БНСУ-аас гаралтай жижиг жимстэй лоолийг Монгол орны ногооны аж ахуйн салбарт түгээн дэлгэрүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилготой юм.
Төслийн II шатны зорилгын хүрээнд ХААИС-ийн Агропарк сургалт, судалгааны төв дээр үзүүлэх талбайг бий болгох, 3-10 фермерийн аж ахуйд сортуудыг тариалж, тэдний орлого, эдийн засгийн үр ашигт дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтот ажлуудыг гүйцэтгэхээр эхлүүлээд байна.
Төслийг КОПИА Монгол төвөөс бүрэн санхүүжүүлдэг бөгөөд эхний шат /2018-2020/-ны нэг жилд 25000, нийт 75000 ам.доллар, II шат /2021-2023/-ыг мөн адил мөнгөн дүнгээр, нийт 150 000 ам.доллараар санхүүжүүлэхээр гэрээнд тусгагдсан байна.